ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭНД НИЙЦСЭН “ТҮЦ“ МАШИНЫГ УСТГАХААС ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ
УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батласан. Төрийн үйлчилгээний 70 хувь нь бүртгэлийн байгуулага дээр байдаг аж. Бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан юм. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Хууль баталсан гишүүдийн ярьж буйгаар "Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс иргэний үнэмлэхээ захиалж болно. Мөн ирэх арваннэгдүгээр сараас ТҮЦ машиныг ашиглалтаас гаргаж, Нотариат дээр очоод тухайн хүн хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирдэг болно" гэлээ. Гэвч бодит байдал дээр ТҮЦ машин нэвтрэхээс өмнө бид Улсын бүртгэлийн газрын гадаа хичнээн очер дараа болж, ажлын цагт уягдан лавлагаа авдаг байдаг байлаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчлөх зорилгоор ТҮЦ машиныг “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд 2012 оноос хэрэглэж эхэлснээс хойш өөрт ойр үйлчилгээний байгууллагад байрлах ТҮЦ машинаас наад захын хэрэглээний лавлагаануудаа авчихдаг амар байлаа. Иргэдийн хэрэглээнд ч хялбар нэвтэрч, цаг мөнгийг нь хэмнэх болсон. Гэтэл энэ УИХ-ын шийдвэрээр өнөөх л хуучны үзэл суртал гарган өмнөх нөхдүүдийнхээ хийсэн бүх ажлыг үгүйсгэж, хэлбэр нь өөр ч агуулга ижил бизнесээ шахахыг оролдож байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл бид энэ оны 11 дүгээр сарын 01-ээс Нотариатын өмнө очерлож, тэдний БИЗНЕС-ийг цэцэглүүлэхэд ард түмэнээрээ дайчлагдах болчихоод байна. ТӨР хүнд суртал, зардал чирэгдэл рүүгээ ухарч байна хэмээн цахим орчинд шүүмжлэл үүсээд буй. Бид энэ талаар асуудлаар цаашид үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно. Энэ процессын ард ямар эхр ашиг нуугдаж буй талаар эргэн сурвалжлах болно.