Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Уг саналыг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, чөлөөлөх хүсэлтийг гишүүдийн олонх дэмжээд байсан юм. Тэгвэл уг асуудлаар гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 45 гишүүн буюу 75 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тогтоолын төсөл батлагдлаа.
Санал хураалтын өмнө гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Эрх баригч нам Д.Гантулгын асуудлаар далимдуулан залуучуудын улс төрд орж ирэх боломжийг хааж, 30-аас доош насны залуучуудыг хааж боож байгааг эсэргүүцэж байна. Ганцхан залуугийн үйлдлээс болж монголын мянга мянган залуучуудыг хавчин гадуурхахыг хүлээн зөвшөөрч чадахгүй шүү” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: "Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүний насны босгыг өндөрсгөх ёстой гэдэг санал маш олон ирсэн. Эрх баригч хүчин залуучуудын сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах тухай байр суурь баримтлаагүй. Нийт иргэдээс гарч байгаа саналыг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Өнөөдөр орон нутаг, гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд 30-аас доош насныхан туршлагажиж, УИХ-д өрсөлдөх нь зүйтэй гэсэн санал ажлын хэсэг дээр яригдсан. Түүнээс залуучуудыг хааж боосон зүйл байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.