Хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Улсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Мөн уг хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг танилцуулав.

  Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” 23 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл хуралдаан даргалагчаас нэмэлт хугацаа өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

 Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэж тодорхой үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон гишүнийхээ чуулганд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэнэ, улмаар хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлсөн юм. Үдээс хойших хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58498
0 эможи

keyboard_arrow_up