Д.Мурат, Д.Гантулга нарыг үлдээх сонирхол парламентад бий юу

2018 оны 6 сарын 14

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ. Ингэснээр, Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын энэ сарын 8-ны өдрийн 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолд хориг тавигдаж байна.

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт “Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг. Тиймээс УИХ эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, УИХ-ын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм. Иймд 45, 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна” гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч “УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ, гишүүд та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя. Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү" гэжээ.

Үүнээс гадна өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхэд гишүүд асуулт асууж, үг хэлээгүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Харин УИХ-ын Д.Муратын хувьд өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байхаас үл хамаараад бүх иргэн хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй. Би хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод УИХ-д эргэн ирнэ. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” гэсэн юм.

Мөн түүний өмгөөлөгч Л.Батмөнх “Манай үйлчлүүлэгчтэй холбоотой асуудал "Бэлгийн дарамт үзүүлсэн" гэх зүйл ангиар шалгагдаагүй. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх зүйл ангиар шалгаж байгаа. Энэ төрлийн хэргийг хуулийн байгууллага маш хурдан шийдвэрлэдэг. Гэвч манай үйлчлүүлэгчтэй холбоотой асуудал удаашралтай байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилготой байх магадлалтай” гэлээ.

Д.Гантулга болон Д.Мурат гишүүний аль аль нь зохиомол хэрэг буюу улстөрийн золиос болсон хэмээн өөрийгөө “өмөөрдөг". Ямартай ч дээрх хоёр гишүүний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Гэхдээ байнгын хорооны хуралдаанаар Д.Гантулга гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг дэмжлээ гээд, Ерөнхийлөгч Д.Муратын гишүүнийг “авч үлдсэн” УИХ-ын тогтоолд хориг тавилаа гээд энэ асуудал эцэслэн шийдэгдлээ гэсэн үг биш.

Нөгөө талаас харахад парламентын бусад гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг “авч үлдэх” сонирхлын үүднээс тэднийг бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Прокурорын байгууллагын саналыг дэмжээгүй. Тиймээс парламентын олонх эл асуудлыг цаг хугацааны хувьд ахин сунжруулбал бүсэлхийнээс дооших асуудалд нэр холбогдсон гишүүд “ангидаа үлдэх” магадлалтай.

Эх сурвалж: Өглөөний сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58463
0 эможи

keyboard_arrow_up