Төсвийн хөрөнгийн хууль бус, хяналтгүй зарцуулалтыг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдлээ
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.07) хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв
Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтэд “УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” хэмээжээ. Түүнчлэн УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэжээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, О.Баасанхүү нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Батнасан хариулт өглөө. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.2 хувь нь дэмжлээ.