Су.Батболд гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Су.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, уг хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавилаа. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилт, тусгай сангийн орлого, зарлага, түүний зарцуулалт, тусгай сангийн төрөл, ангиллыг цаашид боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхийг хүсчээ. Мөн Төсвийн тухай хуулийн 59.1-т заасан орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлтийн байдал, Төсвийн хуулийн 60.3.1-60.3.6, 63.1-63.4 дэх хэсгийн хэрэгжилт, үр дүнг аймаг, тус бүрээр гаргаж ирүүлэх шаардлагатайг энэ асуулгад дурдсан байна.
Дашрамд дурдахад, Засгийн газрын тусгай сангийн хуулийг 2006 оноос эхлэн мөрдөж байна. Түүнчлэн орон нутагт санхүүгийн эрх мэдэл олгох, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөв, түүний зарцуулалт, хяналтад иргэд, олон нийтийн оролцоог бий болгох, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай, 2011 онд Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм.