Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, Цахим бодлогын түр хороог байгууллаа

2018 оны 5 сарын 24

Arslan.mn

Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.

Нэр дэвшигч Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.

1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.

Хууль зүйн байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэлээд хугацаа өнгөрөөд байхад яагаад нэр дэвшигчдийн нэрийг оруулж ирээгүй юм бэ хэмээн асуусан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нэр дэвшүүлсэн гурван хүний хоёрынх нь хугацаа жил орчмын өмнө, нэг хүнийх сая тавдугаар сард дууссан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан байсан. Түүнтэй холбоотойгоор өмнөх ерөнхийлөгч хүн нэр дэвшүүлээгүй сонгуультай золгосон. Сонгуулийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Д.Бурмаагийн нэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэвшүүлсэн ч Байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдэхгүй нь тодорхой болсон учир нэр дэвшигчийн талаархи саналаа татсан байгаа. Ингээд гурав дахь хүний бүрэн эрхийн хугацаа дууссантай зэрэгцээд нэг мөр гурван хүний нэрсийг танилцуулж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусангуут нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заалт байхгүй юм байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулийн манаач нар гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 1990 онд Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд юу гэж бодож байна вэ хэмээн нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс тодруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, санал нийлэхгүй ганц нэг зүйл бий хэдий ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэнд нь дэмжиж байгаа гэлээ.

Гишүүд нэр дэвшигчдэд шударга, зарчимтай, улстөржилгүй ажиллаж, Үндсэн хуулийн манаачийн үүргээ сайн биелүүлээрэй хэмээн захьсан. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.

Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ нэр дэвшигч Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.  

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү гаргасан болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуралдаанд танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг санал нэгтэй дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм.

Үргэлжлүүлээд Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57714
0 эможи

keyboard_arrow_up