Дотоодын үйлдвэрлэгчдийн давуу эрхийг тендэрт заавал тооцохоор тусгажээ
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тендэрийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг энэ сарын 11-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд Төсвийн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм. 2006 оноос хойш мөрдөгдөж, 23 удаа нэмэлт, өөрчлөлт орсон энэ хуульд цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төслийн танилцуулгад дурдсан юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тендэр зарлахад хамгийн бага үнэ санал болгосон компанийг сонгодог нь үйлчилгээг чанаргүй болгоход хүргэдэг, тендэр шалгаруулахад зөвхөн төрийн байгууллага биш аж ахуйн нэгжүүдийг оролцууллах ёстой зэрэг санал хэлж, асуулт асууж байв.
Харин хуулийн төслийн Ажлын хэсгээс дараах хариултыг өгснийг хүргэж байна. Тодруулбал, 2017 онд Сангийн яаманд тендэртэй холбоотой 817 гомдол, Захиргааны хэргийн шүүхэд 38 гомдол ирсэн байна. Зарим тохиолдолд өөрөө шалгараагүй аж ахуйн нэгжүүд тендэрийг удаашруулах, хүчингүй болгох зорилгоор үндэслэлгүй гомдол гаргадаг нь ихээхэн чирэгдэл учруулдаг. Тиймээс шинэ хуульд Тендэрийн талаар гомдол гаргагч нь тендэрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх барьцаа төлбөр байршуулж байж гомдол гаргахаар тусгажээ. Хэрэв гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох, үндэслэлгүй бол улсын орлого болгох зохицуулалттай аж. Гэхдээ барьцаа төлбөрийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байх юм байна.
Мөн дотоодын үйлдвэрлэгч чанар стандартын шаардлага хангасан барааг үйлдвэрлэх боломжтой тохиолдолд гадаадын оролцогчийг тендэрт оруулахыг хориглох юм байна. Мөн дотоодод үйлдвэрлэх барааны жагсаалтыг Засгийн газраас баталдаг байна, дотоодын давуу эрхийг тендэрт заавал тооцно гэж заажээ. Дотоодод үйлдвэрлэсэн барааг импортын бараанаас тусад нь багцалж тендэр зарладаг болох, шалгарсан байгууллагуудын бараа, үйлчилгээг "Цахим дэлгүүр”-т ерөнхий гэрээгээр байршуулах аж.
2017 онд 5000 гаруй тендэр зарласнаас 84 хувь нь цахим байсан аж. Хэн хэрхэн шалгарсан талаар бүх мэдээлэл тендэрийн нэгдсэн сайтад ил байгаа гэж ТӨБЗГ-аас хэлж байв.
Хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгөөгүй аж. Хэрэв УИХ баталж, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдвэл 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл баталсан цагаасаа хэрэгжихээр боловсруулжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжлүүлэх болж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
Эх сурвалж: montsame.mn
|