УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг ажлаа тайлагналаа

2014 оны 7 сарын 10

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн хоёр жилийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

 

2012 оны УИХ-ын сонгуулиар 11 эмэгтэй гишүүн сонгогдож, УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг байгуулсан. Улс төрийн таван намын төлөөлөл бүхий эмэгтэй гишүүд нь нам үл харгалзан нэгдэж, хууль тогтоох түвшинд эрх мэдлийн цөөнх болдог эмэгтэйчүүдийн төлөөлөл болон УИХ-аас гарч буй аливаа шийдвэрт эмэгтэй хүний хэрэгцээ, туршлага, мэдрэмжийг тусгуулахыг зорьж ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэлдээ онцлов.

Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг өнгөрсөн хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд гол анхаарлаа хандуулж ажиллажээ. Энэ хуулийн зорилго нь хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалалтын гадна үлдэж байсан хохирогч, хүүхдүүдийг хамгаалахад чиглэж байгаа аж. Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд албан бус бүлгийн гишүүд “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” зөвлөлдөх уулзалт хийсний зэрэгцээ Канадын парламентын гишүүн, сайд асан Мари Коллинс Канадын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчны талаарх туршлагаа эмэгтэй гишүүдтэй хуваалцжээ.

  Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд олон нийтийн санал авах үүднээс “Хүүхэд харах загвар төв”-ийг СХД-ийн Баянхошууны гэр хороололд байгуулж, олон нийтэд таниулан сурталчилж байгаа аж. Энэ хууль батлагдсанаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан цоо шинэ үйлчилгээ бий болж, хүүхэд бүр улсаас цэцэрлэгт явах зардлаа авах, аюулгүй орчинд хүмүүжих, эцэг эхчүүд ажилдаа явах боломжоор хангагдах, энэ үйлчилгээг эрхлэх 15000 гаруй шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ гэж гишүүд үзэж байгаа юм байна. Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн төслүүд дээр хамтран ажиллаж байгаа аж.

  Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн идэвхтэй оролцоотойгоор УИХ “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2012 оны 10 дугаар сард батлан гаргаж, 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хууль нь өсвөр үе, хүүхэд залуусыг тамхинд орохоос сэргийлэх, иргэд дам тамхидалтад өртөх боломжийг хаах, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилготой. Хууль хэрэгжүүлэх хүрээнд “Тамхинаас татгалзсан өсвөр үе” 1000 сурагчийн чуулган, “Тамхи-сордог хор” телевизийн нэвтрүүлэг, Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан School police, «Цагаан сараар архи, тамхигүй бэлэг бэлэглэцгээе!» уриалга гаргах зэргээр идэвхтэй ажиллаж ирснийг гишүүд онцолж байлаа.

Мөн албан бус бүлгийн гишүүд Согтууруулах ундааны хяналтын тухай, Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй ажиллаж байгааг хэлэв. Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Нийслэлийн хороодын дарга нар, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд, Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд, найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, цагдаагийн албан хаагч нарын дунд хэд хэдэн удаа уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцжээ. Харин Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг УИХ-ын гишүүн Г.Уянга санаачилж, гардан ажиллаж байгаа аж. Энэхүү хуулийн төслийг боловсруулах хүрээнд эмэгтэй гишүүд 2012 онд Хархорин, Нарантуул захын үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчидтэй уулзаж санал солилцсон бол 2014 оны 5 дугаар сард “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулжээ. Мөн энэ оны 6 дугаар сард УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар эмэгтэй гишүүдийг төлөөлөн Засгийн газрын 11-11 төв дээр ажиллаж, бичил бизнес, үйлдвэрлэл эрхлэхэд саад болж буй зөвшөөрөл, лицензийн асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож, хариулт өгчээ.

  Түүнчлэн эмэгтэй гишүүд өнгөрсөн хугацаанд БНМАУ-ын Засгийн газрын 1992 оны тогтоолоор 4 хүүхэд төрүүлсэн 20 жилээс дээш жил ажилласан эхчүүдийг тэтгэвэрт гаргасан ба 38-45 насны хөдөлмөрийн чадвартай үедээ албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн тэтгэвэр, ажилласан жил, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж шийдвэрлүүлснээр 30 мянган эх ажилласан жилээ нэмэгдүүлж, тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэх боломж бүрдлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах кампанит ажил өрнүүлсний зэрэгцээ “Хүүхдүүд-Төрийн ордонд”, “Эх орон-36” сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан. Мөн эмэгтэй гишүүдийн санаачлагаар 2012 оны төсвийн тодотголоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд зориулах зардлыг 50 хувиар нэмж, 7.5 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулснаар нэг хүүхдэд ногдох хоолны зардал 1100 төгрөг байснаа 1600 төгрөг болж өслөө. Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын хүртээмжийг сайжруулахад анхаарч 2 дугаар амаржих газрын эзэмшлийн газрын маргаан, 3 дугаар амаржих газрын барилгын дутуу санхүүжилтийг шийдвэрлэсэн зэрэг бодит үр дүнтэй ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлж ирснийг гишүүд мэдээлэлдээ онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5718
0 эможи
keyboard_arrow_up