Ирэх онд ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй
УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэж байна.
Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоолд тусгажээ. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцоолсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тэрбээр, “Тогтоолын төсөлд “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.
Танилцуулгын дараа чуулганы хуралдаан түр завсарлав. Чуулган 15.00 цагт үргэлжилж, дээрх тогтоолыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Дараагаар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Ерөнхий сайдад тавьсан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” асуулгын хариуг сонсоно.