Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойг угтан төр засагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв, Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ренчин нар Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн асан ахмадууд , мөн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсов.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр засагтаа 30 гаруй жил зүтгэж үр бүтээлтэй ажилласан Доржийн Отгон, Дуламсүрэнгийн Алтанцэцэг, Жамсрангийн Оюунцэцэг нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Лувсаннямын Гэрэлмааг Алтан гадас одонгоор тус тус шагнасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гардууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ренчин, ахмад буурлууддаа байнгын анхаарал, халамж тавьж, тэдэнд нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж, тэтгэмж олгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлж амралт, аялал зохион байгуулах арга хэмжээг тогтмолжуулж төрийн бусад байгууллагад үлгэр дууриал болж байдагт Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.