Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хийсэн ажлын талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 2014 оны хаврын чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, хуулийн төсөл 42, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4-ийг хэлэлцэж, санал, дүгнэлт 26, танилцуулга 6, зарчмын зөрүүтэй 33 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Мөн Байнгын хорооны тогтоолоор 13 ажлын хэсэг байгуулагдан 28 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажилласан бөгөөд мөн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.
Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн 25 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 107 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариуг хугацаанд нь өгсөн байна.
Байнгын хороо нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 7 хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоол 4-ийг тус тус хэлэлцэн шийдвэрлэж, батлуулжээ.
Түүнчлэн Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улс эрх зүйн шинэчлэл ба харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна. Мөн Байнгын хорооны 2014 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаа болон Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэг, сум хэрэгсэлтэй газар дээр нь очиж танилцсан ажээ.
Хүний эрхийн дэд хорооны 2014 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон хэмээн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулгадаа дурдсан.
Хууль зүйн байнгын хороо 2014 оны намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Мөрдөх албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөд байгаа юм байна.
Гишүүд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.