“Хөдөлмөрийн гэрээ“-нд барьцаа хэрэглэхийг хориглоно

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга багтсан. Тиймээс ч энэ долоо хоногоос УИХ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ.

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа зохицуулагдаж байгаа нь хуулийн хүрээг явцууруулж байна гэж хууль тогтоогчид үзжээ. Ер нь бодит байдал дээр цагийн ажилтан, үндсэн ажлаас гадуур хийгдэж  ажлуудад тэр бүр гэрээ байгуулаад байдаггүй. Гэхдээ ажил олгогч гэрээ байгуулахгүйгээр ажиллуулснаар тухайн ажилтан Хөдөлмөрийн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй хохирох  тохиолдол түгээмэл байдаг. ҮСХ-ноос гаргасан мэдээллээр манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая 94 хувь нь ажилтнууд байна гэсэн албан мэдээ гарсан байдаг.  Үүнээс хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт 352 мянга, бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, техникийн засвар үйлчилгээний газарт 172 мянга ажилтнууд байгаа нь нийт ажилчдын 46.3 хувийг эзэлсэн байна. Эдгээр салбаруудад ажиллагсдын дийлэнхтэй нь ажил олгогчид бичгээр гэрээ байгуулаагүйгээс ажилтнууд Хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй  байдал түгээмэл байдаг аж.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан, бүтэн бус цагаар ажиллуулах, “жасаа”-гаар ажиллуулах зэргийг шинээр томьёолон тусгажээ.  Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд барьцаа хэрэглэх, ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэхийг хориглосон зохицуулалтыг шинээр тусгасан байна.   Цалин хөлсний зохицуулалтын тухайд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн холбоодын зүгээс “долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 56 гэж заасан байдаг. Харин үүнийг өөрчилж, “ажлын илүү цагийн дээд хязгаар 16 цаг” гэж хууль тусгах саналыг олон нийтээс ирүүлсэн байна. Мөн шөнө ажилласан хугацааг нөхөн амраасан  эсэхээс үл хамаарч нэмж тусгах, бүх шатанд үйлдвэрчний эвлэл байгуулах”  зэрэг  олон саналыг хүргүүлсэн байна. Гэхдээ тэдний хүргүүлсэн санал хуулийн төсөлд тэр бүр тусгагдаагүй гэсэн гомдлыг ч давхар тээж байгаа бол  хуулийн төслийг боловсруулах  ажлын хэсэг  ҮЭ-ийн ирүүлсэн саналын 80 хувийг төсөлд багтаасан гэсэн тайлбарыг хийж  байна лээ. Цаашид хууль боловсруулагчид, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд хөдөлмөрийн хуультай холбоотой зарчмын зөрүүтэй саналууд байгаа хэдий ч ажлын хэсэг дээрх дахин хэлэлцэж гэсэн байр суурьт нэгджээ.

Ер нь Хөдөлмөрийн тухай хууль анх 1994 онд батлагдсанаасаа хойш 24 удаа нэмэлт өөрчлөлт  орсон юм билээ.  Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1999 онд нэмэлт өөрчлөлт орж батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг  “үүргээ гүйцэтгэсэн” гэж үзэж, түүнээс хойшхи 10 орчим жилийн хугацаанд парламент бүрээд уг хуульд өөрчлөлт оруулахаар  төсөл боловсруулан хэлэлцэгдэж байсан ч батлагдах шатандаа тодорхой асуудлаас үүдэн “унасаар” иржээ. Нийгэм,  эдийн засгийн байдал өөрчлөгдөхийн хэрээр хөдөлмөрийн харилцаа ч өөрчлөгддөг. Тэр дундаа ажилтнууд ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлага, журмын дагуу ажлаа гүйцэтгэдгээс бус тэр бүр хуулийг өмнөө бариад байдаггүй.

Тэд дундаа эдийн засгийн хүндрэлтэй энэ үед  ажилтнууд “ажилтай бол амьдралтай” гэсэн лоозонг өмнөө барьж байгаа.  Ажил олгогч, ажилтнуудын хоорондын маргаан цалингаа бүрэн гүйцэт өгөөгүй, эсвээс  ажлын байрны осол гэмтлээс үүдэж гардаг.    Тэр дундаа нийт ажилтнуудын 50 орчим хувийг эзлээд байгаа хэсэг Хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх нь байтугай ажил олгогчийн зүгээс амласан хөдөлмөрийн  хөлсөө бүрэн авч чадахгүй хохирсоор байдаг.

Харин Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга нийгэмд үүссэн асуудалд  зохицуулалт хийнэ гэж хууль боловсруулагчид хэлж байгаа. Гэхдээ баталсан хуулийн хэрэгжилтийг ч хаана хаана мөрдөх, хяналт тавих л хэрэгтэй. Хэдийгээр манай улс парламентат засаглалтай  ч хуульд заасан “эдлэх эрх”-ээ ажилтнууд тэр бүр мөрдөөд байдаггүй, сул талтай.  Энэ нь ажил олгогчид "өгөөш" болдог гэмтэй. Тиймээс Хөдөлмөрийн хуулинд эрх нь зөрчигдсөн ажилтнуудын асуудлыг түлхүү тусгасан гэж найдъя.

Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн төсөл ямар нэг асуудлаас бол "гацаж", хойшлохгүй бол хаврын чуулганаар батлагдахаар байна. Хэрвээ батлагдвал ирэх намраас ажил олгогч ч, ажилтнууд ч  хөдөлмөрийн харилцааны шинэ түвшинд "хуулиа барьж ажиллах"-аар байна. 

 

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55985
0 эможи
keyboard_arrow_up