Д.Гантулгыг гишүүнээс нь түдгэлзүүлэх санал гаргах боломжгүй
Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан.
Энэ дагуу өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хаалттай хуралдсан. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг хэлэлцсэн юм.
Улсын Ерөнхий прокурорын газраас Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсний дагуу ийн хуралдсан боловч энэ асуудал эцэслэсэнгүй.
Учир нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг 6.9.1 заалтыг хүчингүй болгосон. Үүнийг хүчингүй болговол УИХ-аас өөрчлөлт хийх ёстой ч тэр нь хийгдээгүй аж. Тиймээс хууль зүйн төвөгтэй байдал үүсчээ. Хууль зүйн байдал нь тодорхойгүй байгаа учир прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргах боломжгүй юм байна.
Мөн УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхтэй үгүй талаар ч зохицуулалт байхгүй юм байна.