Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуралдаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нар оролцсон.
Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Тогтоолын танилцуулгад, Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудын хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой.
Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын газартай байна. Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд цаашид тус газрыг Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүйг дурджээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, батлах нь зүйтэй гэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах шаардлага, улс төр, эдийн засгийн ач холбогдол болон тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийн талаар илүүтэй тодруулж байлаа.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу Элчин сайдын яамаа нээхээр зэхэж байгаа. Элчин сайдын яам нээснээр Монгол Улсаа суугаа улсдаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх, тус улстай Засгийн газартай хэлэлцээ хийх, эдийн засгийн найрсаг харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын харилцааг хөгжүүлэх зэрэг консулын газрын чиг үүргээс илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг.
Түүнчлэн Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүй гэж хариулав. Түүнчлэн тэрбээр хариултдаа, Одоогийн байдлаар тус улсад 45 монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд хоёр орны хоорондын худалдааны эргэлт 600,000 орчим ам.доллар байгааг онцлов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг батлая гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|