Ноён Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн 102 дугаар сургуульд зочлов
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуульд зочлон багш, сурагчдын бэлтгэсэн ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхов.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Арвин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Баянзүрх дүүргийн 102 дугаар сургууль нь 2007 онд ашиглалтад орсон бөгөөд 640 сурагч, 78 багш, 20 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Үндэсний урлагийн арвин өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийг оролцуулах, нийгмийн эрэлт шаардлагад нийцэхүйц жишиг сургууль болох зорилттой 102 дугаар сургууль нь сурагчдын авъяас чадварыг нээх зорилгоор урлаг, спортын 15 төрлийн дугуйлан хичээллүүлж 450 сурагчийг хамруулдаг байна.