Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Тахарын Ерөнхий газарт ажиллав

2014 оны 7 сарын 07

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон Хууль зүйн байнгын хорооны албаны ажилтнууд өнөөдөр  Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд, Тахарын Ерөнхий газрын дарга Ц.Азбаяр товч танилцуулга хийлээ. Үүний дараа Тахарын Ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг Тахарын Ерөнхий газрын бүтэц, хүний нөөц, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулга хийж тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм.

Тахарын албаны тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тахарын Ерөнхий газар нь 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж буй. Хууль зүйн сайдаар батлуулсан бүтцийн дагуу Монгол улсын хэмжээнд 10 тойрогтой үйл ажиллагаа явуулж буй юм.

Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хуульд заасан үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоо хараахан бүрдээгүй байгаа ч ажлаа хэвийн үргэлжлүүлж буйг Тахарын Ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг танилцуулгадаа дурдлаа. Тахарын Ерөнхий газар нь хүний нөөцийг бүрдүүлэхдээ хуульд заасан эрхийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагаас 45 %, ШШГЕГ-аас 17 %, Зэвсэгт хүчний жанжин штабаас 16 %, Төрийн захиргааны байгууллагуудаас 15 %, бусад 7%-ийг сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн байна.

Түүнчлэн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахад дэмжлэг үзүүлэхийг Хууль зүйн байнгын хорооны даргаас хүслээ. Энэ хууль батлагдсанаар албан хаагчдын цалингийн нэмэгдэл тодорхой болохоос гадна галт зэвсэг, тусгай хэрэгсэл худалдан авах, хэрэглэх эрх зүй бүрдэхээс гадна алба хаагчдын нийгмийн баталгаа хангагдах юм байна. Мөн Хууль сахиулах төрийн тусгай байгууллага бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах байрны асуудал хүндрэлтэй байгаа. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тойрог, хэсгийн ажилтнууд тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын байранд байрлах зэрэг хүндрэлтэй асуудал буйг Хууль зүйн байнгын хорооны даргад танилцуулав. Мөн Төрийн албаны тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу батлан хамгааалах болон хууль сахиулах байгууллагаас шилжин ирж байгаа албан хаагчдын асуудлыг шийдэх шаардлага тулгарч буй юм байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, Тахарын алба нь шинэ тутам байгуулагдсан ч үндэс сууриа зөв тавьж, ажил нь хэвийн, сайн үргэлжилж байна. Цаашид Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулах хэрэгтэй юм байна. Би энэ тухай Хууль зүйн байнгын хорооны гишүүддээ танилцуулж ойлгуулна хэмээн хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5529
0 эможи
keyboard_arrow_up