БНЧУ-ын Парламентын Доод танхимын Дэд дарга Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид айлчилна
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 7 дугаар сарын 5-наас 10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана.
Мөн ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Хустайн байгалийн цогцолборт газраар явж сонирхохын зэрэгцээ өмнө хэрэгжсэн “Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг эвдэрч гэмтсэн эх үүсвэрүүдийг сэргээн засварлах” төслийн хэрэгжилттэй танилцана.
Түүнчлэн Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц болон Дарханы Мэргэжлийн сургалтын үндэсний төвд зочилж, гадаад хөгжлийн хамтын ажиллагааны “Дархан хотын мэргэжлийн сургалтын төвд хөдөө аж ахуйн мэргэжлээр техник мэргэжлийн боловсрол эзэмшүүлэлтийг дэмжих” төсөлтэй танилцаж, Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнд зочлоно.
БНЧУ-ын Парламентын Доод танхимын дэд дарга Злын бүс нутгаас сонгогдсон БНЧУ-ын Парламентын гишүүн Пэтр Газдыкийн товч намтар
Пэтр Газдык 1974 оны 6-р сарын 26-нд Үхэрский Храдиште хотод төрсөн. Тэрбээр 1992 онд Үхэрский Брод хотын Я. А. Коменскийгийн дунд сургууль, 1996 Брно хотын Масарикийн Их сургуулийн Боловсролын тэнхимийг Ерөнхий боловсролын хичээлийн багш мэргэжлээр төгссөн (математик-газар зүй).
Түүнчлэн 1996 - 2002 онуудад Баанов тосгоны Ёсеф Бүблийкагийн ерөнхий боловсролын сургуульд багш, 1998 онд цэргийн алба хашсан (Храдны Страаж) байна. Пэтр Газдык 2002 болон 2006 онуудад Сүхаа Лоз тосгоны даргаар сонгогдсон бөгөөд 2008 онд Злын бүс нутгийн даргаар (бие даагч) мөн Хөдөө аж ахуй, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар сонгогдсон.
Мөн тэрбээр хотын дарга, Бие даагчид улс төрийн хөдөлгөөний дэд дарга, Сүхаа Лоз тосгоны дэд дарга, ЮНЕСКО-гийн Чехийн комиссын дарга, 2004 – 2008 Выходны Словаацко бүс нутгийн дэд дарга, 2005 – одоог хүртэл Выходны Словаацкогийн Орон нутгийн үйл ажиллагааны бүлгийн даргын албыг хашиж байжээ.