Өргөдлийн байнгын хороо 2014 оны хаврын чуулганы хугацаанд иргэдийн дуу хоолой болж ажиллалаа
2014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга Р. Бурмаа тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд “Өргөдлийн байнгын хороо 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэний өргөдлийн дагуу нийт 6 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хариуцсан салбарын асуудлаар нь гаргасан иргэдийн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Тус Байнгын хороо 6 тогтоол гаргаж, 4 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилт хангах, зөрчил арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.
Улсын Их Хуралд 2014 оны хаврын чуулганы хугацаанд давхардсан тоогоор 1024 иргэнээс 827 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 42 буюу 5 хувь нь Улсын Их хурлын бүрэн эрхэд шууд хамаарах асуудлаар гаргасан иргэдийн санал, 764 буюу 91 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан хүсэлт байна.
Энэ хугацаанд Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран ажиллаж, 508 өргөдөл шийдвэрлэснээс 322 хүсэлт буюу 39 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 21 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 323 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.
Өргөдлийн Байнгын хороо иргэний өргөдлийг хүлээн аваад судлах шаардлагатай гэж үзвэл хоёр өөр намын төлөөлөл бүхий Улсын Их Хурлын хоёр гишүүнд хариуцуулан судалдаг бөгөөд шаардлагатай бол ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр ажиллаж, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороогоороо хэлэлцэн шийдвэрлэдэг. Тухайлбал:
1. Иргэн Б.Нямдаваагаас даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээний талаар гаргасан өргөдлийг Байнгын хороо хэлэлцээд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгов.
Уг тогтоолыг хэрэгжүүлснээр иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоох тухай хуулийн үзэл баримтлал хэрэгжиж, шимтгэл төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
2. Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн албан хаагчийн эмчилгээний зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх талаарх Төрийн албаны хуулийн заалт хэрэгжихгүй байгаа талаар өргөдөл ирүүлснийг Байнгын хороо хэлэлцэхэд төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох талаарх журмыг Засгийн газар батлаагүйгээс гадна шаардагдах зардлын төсөвгүй гэсэн шалтгаанаар төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүй явж ирсэн байсан. Үүнийг шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
3.Иргэн Ш.Одонгэрэл, Ж.Мягмаржав нараас ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооны тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, Байнгын хороо хэлэлцэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгов.
4.Иргэн О.Эрдэнэцэцэг, Г.Цогбадрах, Д.Дамдинсүрэн, С.Дэлгэрмаа нараас Боловсролын тухай хуульд заасан 24 хүртэлх сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалтын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, уг тэтгэмжид их, дээд сургуулийн багш нарыг хамруулах зэрэг асуудлаар гаргасан өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Н.Номтойбаяр нар судлан хуралдаанд танилцуулж хэлэлцүүлсний дагуу Байнгын хорооноос Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж ажиллан иргэдийг хохиролгүй болгох, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 43.3 дахь хэсгийн хоорондын зөрчлийг арилгах, 43.1.4 дэх заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах, уг шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох арга хэмжээг авч 6 сарын дотор тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөв.
5.Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийн 80.0 хувийг эзэлж буй гэр олгуулах болон нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ, тусламж авахтай холбоотойгоор ирүүлсэн өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумьяабазар нар судлан хуралдаанаар хэлэлцүүлж, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд халамжийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төсөв, хөрөнгийг үр дүнтэй зарцуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгов.
6.Улсын Их Хуралд эрүүл мэндийн салбарын асуудлаар 2014 он гарсаар 107 иргэнээс өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар судлан дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлснээр Эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд хүн амын өвчлөлийн шалтгааныг судлан тогтоож, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалт, үнэ тариф, өмчийн хэлбэр, боловсон хүчний талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгөв.
Бусад ажлын талаар:
Өргөдлийн байнгын хороо Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгууллаа. Ингэснээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шүүгч, хуульчид, иргэдийн саналыг авах, хуулийн хийдэл, цоорхой, зөрчлийг судлан арилгахад хамтран ажиллах, шүүхийн нээлттэй танхимуудаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэдэд хүргэх, тэдгээрийн санал, хүсэлтийг шууд хүлээн авах боломж бүрдүүлсэн.
Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооны гишүүдээс иргэдийг хүлээн авч уулзалт зохион байгуулах, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шууд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уулзалтын өрөөг тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Хэвлэлийн хуралд тус байнгын хорооны гишүүн Ж. Батзандан, Д. Сарангэрэл, С.Ганбаатар нар оролцон тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ.