Эрчим хүчний салбарт ХБНГУ-аас 5 сая еврогийн зээл авна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлав.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болж байна. Уг санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.