УИХ-ын чуулганы 25 хуралдааны 21-д нь суугаагүй хүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч МӨН ҮҮ?!
УИХ-ын гишүүдийн ёс зүй хэм хэмжээ болон хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх талаарх асуудал сүүлийн үед олонтаа хөндөгдөх болсон билээ.
Тухайлбал, хуралдаа суудаггүй гэх шалтгаанаар Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаад буй.
Чухам яагаад хуралдаа суудаггүй талаараа УИХ-ын гишүүн Б.Наранхүү zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Орон нутгаа хөгжүүлээд завгүй байна" гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
Үнэхээр орон нутгаа хөгжүүлсэн үү гэвэл түүний УИХ-д сонгогдсон Дундговь аймаг өрсөлдөх чадварын оноогоор 21 аймгаас 19-д оржээ. Ихэвчлэн сүүл мушгидаг.
Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг.
Тэгэхээр Б.Наранхүү гишүүн хурлаа таслаад энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь түүнийг огцруулах үндэслэл гэдгийг Үндсэн хуулийн цэцэд хандсан хуульчид тайлбарлаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон эсвэл сонгогдохоор төлөвлөж байгаа тойргуудаа "услан" тойглож улс орны нийтлэг эрх ашгийг умартдаг нь Монголын зовлонгийн том шалтгаануудын нэг билээ. Нийтлэг эрх ашгийг умартан үнэхээр нутаг орноо хөгжүүлээд байна уу гэтэл тийм биш гэдгийг дээр нотоллоо.
Дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэц өдийг хүртэл ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.
Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгчөөс энэ асуудлын талаар тодруулахад "Маргаан үүсгэх эсэх асуудлаар шалгалт үргэлжилж байгаа. Хуулийн дагуу өргөдлийг хянан шалгах хугацааг сунгасан. УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байсан шалтгаанаа тайлбарласан тайлбар саяхан ирээд байна. Энэхүү тайлбарыг нийтэд мэдээлэх боломжгүй" гэсэн юм.
2017 оны хаврын чуулганы нэгдсэн мэдээ нэгтгэгдэж ирээд байгаа бөгөөд зөвхөн нэг улирлын чуулганы ирцээс харвал Б.Наранхүү таслалтаараа тэргүүлсээр л байна.
2017 оны хаврын чуулган нийт 25 удаа хуралджээ. Хуралдааныг хамгийн их буюу 15 удаа тасалж, 60 хувьд нь суугаагүй гишүүн бол Б.Наранхүү юм. Ингээд зогсохгүй тэрбээр гадаадад, чөлөөтэй байсныг нь нэмбэл 25 удаагийн хуралдааны 21-д нь суусангүй. Өөрөөр хэлбэл, 4 хуралдаанд буюу нэг бүтэн улирлын хуралдааны 16 хувьд нь л суужээ.
2017 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг хамгийн их тасалсан 5 гишүүн:
- Б.Наранхүү 15,
- С.Жавхлан 8,
- Ж.Батзандан 5,
- Д.Цогтбаатар 3
- С.Эрдэнэ 3 удаа тасалжээ.
Харин хаврын чуулганы хуралдаанд хамгийн их хоцорсон 5 гишүүн:
- С.Батболд 10,
- С.Эрдэнэ 9,
- Ж.Энхбаяр 7
- Д.Сумъяабазар 7,
- Т.Аюурсайхан 5 удаа тус тус хоцорсон байна
Хуульд зааснаар өргөдөл ирснээс хойш 14 хоногийн дотор Үндсэн хуулийн цэц маргаан үүсэх эсэх талаар шийдвэр гаргах ёстой ажээ. Энэ хугацаа нэгдүгээр сарын 05-нд дууссан. Улмаар Үндсэн хуулийн цэц өргөдөл шийдэх хугацааг 30 хүртэлх хоногоор сунгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 05-ны дотор Б.Наранхүүгийн асуудлаар маргаан үүсэх эсэхийг шийдвэрлэх болоод байна.
Нэг улирлын 25 удаагийн хуралдааны 21-д нь суугаагүй хүн үнэхээр Үндсэн хуульд зааснаар ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг хүн мөн үү?!
Ikon.mn-ээр явуулж буй санал асуулгаар гэхэд Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг 4 мянга гаруй хүний 95.8 хувь нь дэмжээд байна.
САНАЛ ӨГӨХ
|
Эх сурвалж: IKON.MN
|