БАГЦ МЭДЭЭ: Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй Монголын парламентчид 2018 оны нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцлоо.
Улсын Их Хурлын даргын Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцсон талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2018 оны 01 дүгээр сарын 18. Пүрэв гараг.
Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулган нээлтээ хийлээ
Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 26-р хуралдааны Гүйцэтгэх хорооны хуралд оролцов
Тэрбээр энд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний ийм томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Вьетнамын төр, засаг, ард түмэн, Ханой хотын иргэдэд талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нэгэнт гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно хэмээн онцоллоо.
Эмэгтэй парламентчдын хуралдаанд Монгол Улсын парламентыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа төлөөлөв
Хуралдаанаар эмэгтэй парламентчдын нийтлэг ашиг сонирхлыг дэмжих замаар бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, боловсрол, мэргэжил, чадвар олгохыг эн тэргүүнд эрмэлзэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/tb8y
2018 оны 01 дүгээр сарын 19. Баасан гараг.
Чилийн конгресст Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана
Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцлоо. УИХ-ын дарга М.Энхболд эхний уулзалтаа Бүгд Найрамдах Чили Улсын Үндэсний конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Фидель Эспинозатай хийв. Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү ойртуулах, түүгээр дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцан түншлэл тогтоох нь чухал байгааг хөндөж ярилцлаа. УИХ-д Монгол-Латин Америкийн парламентын бүлэг байдаг бол Чилийн парламентад Монголын бүлэг байхгүй юм байна. Тиймээс тун удахгүй Чили-Монголын бүлэг байгуулна гэж ноён Фидель Эспиноза амлалаа.
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийн асуудалд онцгой анхаарахыг хүслээ
Бүсийн чуулга уулзалтад БНСУ-ыг төлөөлж буй төлөөлөгчдийг тус улсын Үндэсний ассамблейн байнгын хорооны дарга Ли Жинбок тэргүүлж иржээ. Түүнтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзах үеэрээ БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд гээд хөдөлмөрлөх болон хүний эрхийн асуудалд Үндэсний ассамблейн зүгээс анхаарал хандуулж байхыг хүслээ. Түүнчлэн удахгүй эхлэх гэж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг БНСУ амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив
УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сэнгнүан Саяалаттай уулзах үеэрээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, хивс экспортлох, Лаосоос модон эдлэл, жимс жимсгэнэ импортлох талаар ярьж буй тохиролцоогоо хоёр тал ажил хэрэг болгох нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
Салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд оролцлоо
Энэ өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”-ны салбар хуралдаанууд болж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баатарбилэг, А.Сүхбат, Ч.Улаан нар оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахад хууль тогтоох байгууллагуудын оруулах хувь нэмэр, хүчин чармайлтын асуудлыг хэлэлцлээ.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/178y
2018 оны 01 дүгээр сарын 20. Бямба гараг.
УИХ-ын дарга М.Энхболд "Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа" сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ
“Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 оны 2-р сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифановатой уулзах үеэрээ, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг улам өргөжүүлэхийн тулд Төрийн Дум, УИХ-аас эрх зүйн чиглэлээр дэмжих ёстой гэдгийг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд Мексикийн Холбооны Улсын Сенатын ерөнхийлөгч Эрнесто Кордеро Арройотой уулзахдаа хамтын ажиллагааны сайн эхлэлийг бататгах нь бидний хувьд нэн чухал гэдгийг онцоллоо.
Тогтоолын төсөл санаачлан батлуулж, “Ханойн тунхаглал”-д нэгдлээ
Манай парламентчид ОХУ, Япон, Малайз зэрэг орны төлөөлөгчидтэй хамтран Төсөл боловсруулах хорооны үйл ажиллагаанд оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх Тогтоолын төслийг санаачлан батлууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон юм.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/ub8y
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдааны “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/uf8y
Ийнхүү Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтаас тус бүс нутгийн орнуудын парламентын түншлэлийн шинэ төсөөлөл болох “Ханойн тунхаглал” гаргасанд Монгол Улс нэгдлээ. Тунхаглалд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон байна
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үргэлжлүүлэн 2018.01.21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.
Энэ үеэр тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзаж, Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.