М.Энхболд: Монгол Улс дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн
УИХ-ын дарга М.Энхболд "Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа" сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ
БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтын гурав дахь өдөр салбар хуралдаанууд үргэлжилж, гарах шийдвэрийн төслүүдийг эцэслэснээс гадна “Ханойн тунхаглал” баталлаа. Энэ өдөр болсон “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв.
Тэрбээр Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 оны 2-р сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.
Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар тавьж буй хүчин чармайлтаа дурдаж, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр баримталж буй хөгжлийн бодлогын асуудлыг хөндлөө.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, улмаар ногоон эдийн засгийг дэмжих асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд долоодугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хуралд өргөнөөр оролцохыг гишүүн орнуудад хандан уриаллаа.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХЫГ ХҮСЭВ
УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.
УИХ-ын дарга М.Энхболд 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал ойрын хугацаанд соёрхон батлахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ноён Чэнь Жу хэлэлцээр соёрхон батлах тухай асуудлыг анхааралдаа авснаа тэмдэглээд, стратегийн түвшний харилцаагаа улам хөгжүүлэхэд энэ удаагийн уулзалт түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Шанхай хотноо зохион байгуулагдах ээлжит ЭКСПО-д хүрэлцэн ирэхийг урилаа.
ТӨРИЙН ДУМЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЧДЫГ УРИЛАА
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифановатой уулзах үеэрээ хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг улам өргөжүүлэхийн тулд Төрийн Дум, УИХ-аас эрх зүйн чиглэлээр дэмжих ёстой гэдгийг онцлов.
Хатагтай О.Н.Епифанова “Төрийн Думын энэ удаагийн бүрэн эрх 2021 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд стратегийн түнш Монгол Улстай тогтоосон харилцаагаа идэвхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно” гэлээ. Тэрбээр Төрийн Думын дотоод үйл ажиллагааны шинэчлэл, туршлагаас хуваалцаж, энэхүү өөрчлөлт нь улс орнуудын парламенттай харилцах харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр орны хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох нь чухал гэдгийг онцлоод, Төрийн Думээс жил бүр зохион байгуулдаг “Парламентат ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтад Монголын парламентчид оролцохыг урилаа. Тэрбээр Төрийн Думд Алс Дорнодын асуудлыг хариуцдаг, 2011-2016 онд Гэр бүл, хүүхдийн байнгын хорооны гишүүн, сүүлийн нэг жилд нь даргаар ажилласан, нийгмийн чанартай арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж, үйл ажиллагаа өрнүүлдэг хүний хувьд дээрх чиглэлүүдээр монгол анд нөхөдтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нарт мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүсэж, ноён В.В.Володинийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.
МЕКСИКИЙН СЕНАТ МОНГОЛ УЛСЫГ АПЕК-Т ЭЛСЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
УИХ-ын дарга М.Энхболд Мексикийн Холбооны Улсын Сенатын ерөнхийлөгч Эрнесто Кордеро Арройотой уулзахдаа хамтын ажиллагааны сайн эхлэлийг бататгах нь бидний хувьд нэн чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр “2017 оноос эхэлсэн хоёр орны “Соёлын солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах саналыг манай Гадаад харилцааны яамнаас тавьсан. Түүнд тусгагдсан соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь харилцааг идэвхжүүлэх, иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх бодит алхам болох болно” гэв. Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгчөөр тус улсын иргэн, хатагтай Габриэла Куэвас Баррон сонгогдоход Монгол Улс дэмжиж санал өгснийг дурдаад, парламент дотроосоо ОУПХ-ны тэргүүнтэй болсонд нь баяр хүргэв. Түүнчлэн Монгол Улсыг АПЕК-т гишүүнээр элсэхэд дэмжихийг хүсэж, Элчин сайдын яамдаа харилцан нээх санал дэвшүүллээ.
Ноён Эрнесто Кордеро Арройо ОУПХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоход нь хатагтай Габриэла Куэвас Барроныг, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болоход Мексикийг дэмжсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АПЕК-ийн гишүүнээр элсэх санаачилгыг тууштай дэмжихээ нотлов.
Тэрбээр Мексикийн Конгресст саяхан Мексик-Монголын парламентын бүлэг байгуулагдсаныг мэдээлээд, цаашид гишүүдийг харилцан айлчлуулах, туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал тавьж ажиллах болно гэлээ. Манай парламентад Монгол-Мексикийн бүлэг сар гаруйн өмнө байгуулагдсаныг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлээд, парламентын хамтын ажиллагаанд Бүлгүүд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
ТОГТООЛЫН ТӨСӨЛ САНААЧЛАН БАТЛУУЛЖ, “ХАНОЙН ТУНХАГЛАЛ”-Д НЭГДЛЭЭ
Манай парламентчид ОХУ, Япон, Малайз зэрэг орны төлөөлөгчидтэй хамтран Төсөл боловсруулах хорооны үйл ажиллагаанд оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх Тогтоолын төслийг санаачлан батлууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон юм. Мэдээллийн технологийг түлхүү ашиглах замаар хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн ялгааг арилгах, энэ зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес, ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний санхүүгийн дэд бүтэц бий болгох нь энэхүү Тогтоолын зорилго юм. Мөн дээрх зорилтыг хэрэгжүүлэх олон улсын санхүүгийн байгууллагыг бүс нутгийн хэмжээнд бий болгох зорилтыг дэвшүүлсэн байна.
Ийнхүү Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтаас тус бүс нутгийн орнуудын парламентын түншлэлийн шинэ төсөөлөл болох “Ханойн тунхаглал” гаргасанд Монгол Улс нэгдлээ. Тунхаглалд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.