Төлөөлөгчид УИХ-ын номын сан, архивын үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын номын сан болон архивын үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог болон номын санч М.Оюунтулга нар номын сангийн талаар танилцуулав.
УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог, УИХ-ын номын сан цахим хэлбэрт шилжсэнийг онцлоод Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бусад номын сантай харьцуулахад 1921 оноос хойшхи улс төртэй холбогдох бүхий л мэдээ мэдээлэл, сонин хэвлэлүүд хадгалагддагаараа онцлогтой хэмээв.
УИХ-ын номын санд нийт 45 мянга гаруй ном хадгалагдаж байгаа бөгөөд давхардсан тоогоор жилд 5000 орчим уншигчид үйлчилдэг талаар номын санч М.Оюунтулга нэмж хэллээ.
Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр УИХ-ын номын сангийн үйл ажиллагаатай холбоотой асуулт асууж хариулт авсан бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын номын сангийн талаар товч танилцуулав.
Дараа нь ноён Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид архивын үйл ажиллагаатай танилцлаа.
Архивын эрхлэгч Д.Алтангэрэл танилцуулгадаа 1990 оноос хойшхи 20 гаруй жилийн хугацаандах бүхий л баримт бичиг архивт хадгалагдаж буйг онцлоод парламенттай холбоотой 10 гаруй мянган хавтастай баримт бичиг байгаа талаар дурдав.
Мөн тэрээр архив цахим хэлбэрт шилжих ажил явагдаж байгааг онцлоод Бүгд Найрамдах Чех Улстай холбоотой архивын баримт бичгүүдээс сонирхуулав.