Намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2014 оны 7 сарын 01

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр 2014 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэж баталлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүний танилцуулснаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан саналыг нь авч тогтоолын төслийг боловсруулсан гэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч 16; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 25; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10; Төрийн байгуулалтын байнгын хороо 4; Төсвийн байнгын хороо 3; Эдийн засгийн байнгын хороо 5; Хууль зүйн байнгын хороо 19; Өргөдлийн байнгын хороо 9; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 28; Монгол Ардын намын бүлгээс 37; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 42; Засгийн газраас 111 төсөл санал болгосон. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар 6 санал тусгайлан ирүүлсэн аж.
Нийт 316 хууль, тогтоолын төслүүдөөс өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд, УИХ-д өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг нэр зааж оруулах зарчим баримталсан байна. Харин тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 123 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 49, хэлэлцэж эхлээгүй 74 төсөл байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль 7, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль 23, зээлийн хэлэлцээр соёрхон баталсан тухай хууль 4, УИХ-ын тогтоол 19 батлагдаад байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Хаврын чуулганы хугацаанд Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах боломжтой байсан ч хойшлуулсныг шүүмжилж, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх асуудалд оруулаагүй байгааг шүүмжилж байв.
Үүнд А.Бакей гишүүн “Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг намрын чуулганаар “Бусад” гэдэг асуудлын хүрээнд оруулж батлах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл нь чухал хууль. Гэхдээ уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаах санал ирээгүй учраас оруулаагүй. Ач холбогдлоор нь эрэмбэлээд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаахын тулд “Бусад” гэдэг хүрээнд оруулж хэлэлцэх боломжтой” гэв. Ер нь Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг одоо баталсан ч Намрын чуулганы өмнө УИХ-ын дарга захирамж гаргадаг. Тэр үед өргөн баригдсан чухал хууль, тогтоолыг оруулах боломжтой гэдгийг мөн А.Бакей гишүүн хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 63.9 хувь нь дэмжсэнээр УИХ-ын 2014 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
1. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
2. Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
3. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
5. Шилэн дансны тухай хуулийн төсөл
6. Худалдааны тухай тухай хуулийн төсөл,
7. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8. Татварын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
9. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл
10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
11. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл
12. Зөрчлийн тухай хуулийн төсөл
13. Монгол хэлний тухай хуулийн төсөл
14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/хуулийн төсөл
15. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогыг шинэчилж батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
16. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
17. Хяналтын тухай хуулийн төсөл
18. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл
19. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
20. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай хуулийн төсөл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5253
0 эможи
keyboard_arrow_up