Б.Болдбаатар дарга Ноён Петр Киншетрыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар эрхэм төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд уулзалтад оролцсон Тамгын газрын удирдлагуудыг танилцуулав. Мөн тэрээр манай улсын байгаль, хөдөө нутаг, цаг уурын нөхцөл байдал, түүх соёлтой танилцан нэг өдрийг өнгөрүүлэхэд таатай байсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд УИХ, байнгын хороодын үйл ажиллагаа болон Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцууллаа. Түүнчлэн хоёр улсын парламентын Тамгын газрын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн, тэргүүн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ноён Петр Кинштетр Монгол Улсын байгалийн сайхныг мэдэрч, жирийн ард иргэд хэрхэн байгаль дэлхийтэйгээ хамт аж төрж байгааг харахад маш их сайхан байлаа гээд элчин сайдуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү айлчлал болж буйг дурдлаа. Тэрээр өнгөрсөн үед байсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилготой ирснээ дуулгаад Тамгын газрын удирдлагуудыг есдүгээр сард БНЧУ-д айлчлахыг урилаа. Мөн Чех Улсын парламент дээр төрийн албаны тухай хуультай болох талаар яригдаж байгааг дуулгаад манай улсын Төрийн албаны тухай хуулийн талаар асуусны зэрэгцээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Н.Отгончимэг, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар оролцов.