ЧУУЛГАН:Төв банкны хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжих юм. Хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Төв банк -Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны бие даасан, хараат бус байдал, шийдвэр гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчмыг баримтлан шинэчилсэн ач холбогдолтой юм гэдгийг хууль санаачлагчдын зүгээс тодотгож буй юм.
Хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байгаа аж.
Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого зөв зохистой боловсруулж, хэрэгжих хууль зүйн нөхцөл цаашлаад улсын макро эдийн засагт үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмэр болно хэмээн дүгнэж байгаа билээ.