Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагтай болгох зохицуулалтыг тусгасан гэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 09 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.
Ажлын хэсэг хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Ундармаа, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Б.Жавхлан нар асуулт асууж Ажлын хэсгийн ахлагч болон Монголбанкны удирдлагаас зарим зүйлийг тодруулсан юм. Төсөлд Монголбанк үндсэн зорилтоо хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Мөнгөний бодлогын зөвлөлтэй байхаар тусгасан бөгөөд тус зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж Улсын Их Хурлаас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байх зохицуулалтыг тусгасан. Үүний дөрвөн гишүүний нэрийг Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэх зохицуулалтыг өөрчилж Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлдэг байхаар Ажлын хэсгээс саналын томъёолол бэлтгэснийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тодруулж асуусан юм. Тэрбээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн дөрвөн гишүүний нэрийг дэвшүүлдэг байх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Хараат бус байдлыг хангахын тулд нэр дэвшүүлж байгаа болон томилж байгаа субьектууд тусдаа байх ёстой гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлж, дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг өөрчлөн найруулах саналын томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Т.Аюурсайхан нар тодруулга хийсэн.
Үүний дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулахдаа “Улсын Их Хурлаар Төв банк болон салбарын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шинэчлэх асуудлыг хэлэлцэж буйтай холбоотойгоор буруу ташаа мэдээлэл яригдаж байгаад санаа зовж байна. Төслөөр Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх биш одоогийн хэрэгжиж буй хуулиар олгогдсон хэт их эрх мэдлийг хязгаарлах, хяналтад оруулах, хариуцлагтай болгох зохицуулалтуудыг тусгасан. Мөн цалингийн асуудал хөндөгдөж байгаа, холбогдох хуулийн дагуу өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарын цалинг Улсын Их Хурал тогтоодог. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсын шадар сайдын жишгээр, дэд ерөнхийлөгч нар Засгийн газрын гишүүний жишгээр тус тус цалинждаг. Монголбанкны ерөнхийлөгч нийт ажилтнуудынхаа цалинг тушаалаар тогтоодог бөгөөд энэ хооронд үүссэн зөрүүг шийдвэрлэх үүднээс төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан” хэмээн тайлбарлав.
Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив
Дараа нь “Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг 2018 оны зургаадугаар сарын 01-ний дотор шинэчлэн батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын ажлыг бэлтгэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монголбанк /Н.Баяртсайхан/-д даалган, тогтоолын хэрэгжилтэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллахаар тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үүний дараа Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувийн саналаар дэмжсэн.
Төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад нь туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй зөвлөл 2004 оноос ажиллаж ирсэн бөгөөд 2009, 2014 онуудад уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж байжээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2004, 2009 онд тус тус батлахдаа гишүүдийг албан тушаалаар нь баталж байсан бол 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ гишүүдийг нэр зааж баталсан аж. Зөвлөлийн гишүүдийн олонх нь албан тушаалаасаа өөрчлөгдсөн ба статистикийн мэдээ, мэдээллийн чанар, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс 2014 онд шинэчлэн баталсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага үүсчээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар томилдог ба гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрт бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүсгэж байгаа тул зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасны дагуу Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож байгааг танилцуулав. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар Засгийн газраас нэр дэвшүүлж буйг гишүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлжээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн тус Байнгын хорооноос “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг төгсгөлд нь Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нар тодруулга хийсэн. Байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй гурван гишүүний талаар зөвлөлдөх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Уг саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд дэлхийн улс орнуудын эдийн засгийн харилцаанд шинээр нэвтэрч байгаа блокчейн технологид суурилсан криптовалют, хиймэл оюун ухааны талаар Засгийн газарт чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулах тухай хэлэлцэв. Технологид суурилсан санхүүгийн цахим хэрэгслийн талаар нухацтай хэлэлцэх, судлах шаардлага бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр нар онцолж байсан бөгөөд Байнгын хороо энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулах эсэхээр хэлэлцэх шаардлагатай тул хойшлуулах горимын саналыг Б.Жавхлан гишүүн гаргав. Байнгын хорооны дарга уг горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн. Ийнхүү Ажлын хэсэг байгуулах асуудлыг хойшлуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.