Төв банкны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Тус байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Я.Содбаатар нар Монголбанкны үндсэн зорилт болон “төрийн мөнгөний бодлого” гэсэн нэр томьёог өөрчлөх шаардлагагүй тул одоогийн хуулийн зохицуулалтыг хэвээр үлдээх, Монголбанк нь Мөнгөний бодлогын болон Банкны хяналт шалгалтын хороотой байх, тэдгээрийн эрх зүйн байдлыг хуульчлах, хянан шалгагч нарын бүрэн эрхийг Төв банк /Монголбанк/-ны хуульд хэвээр үлдээх, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлах, УИХ-аас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглох, төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, зээлийн байдлын талаар УИХ-д зургаан сар тутамд танилцуулах заалтууд, түүнчлэн Монголбанкны удирдлагын эрх зүйн баталгааг нэмэгдүүлсэн заалтуудыг төслөөс хасах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, 1435 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2400 болж өссөнөөс, импортоор авч буй бараа бүтээгдэхүүний үнэ 70 хувиар нэмэгдсэн. Үүнээс болж ард түмний амьдрал хүндрэн, ядуурал бий болсон. Энэ бол Төв банкны бодлогын алдаа байсан. Төв банкны өмнөх ерөнхийлөгч нууц тушаал гаргаж, аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Долларын ханшийг өсгөн гадны хөрөнгө оруулагчдад үйлчилсэн гэж хэллээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч дураараа шийдвэр гаргадаг явдлыг хязгаарлах ёстой гээд төв банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй хариуцлага тогтолцоог хэрхэн тусгасан талаар тодруулсан.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монголбанк аж ахуйн нэгжүүдэд зургаан хувийн хүүтэй зээл олгодог байсан хэмээгээд түүнийг хатуу хориглосон заалт оруулсан уу, Монголбанк сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн үйл ажиллагаа явуулж мөнгө цацдаг явдлыг таслан зогсоох заалт орсон уу гэж асуусан.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, өнгөрсөн жилүүдэд гарсан замбараагүй байдлыг цэгцлэн, эдийн засгийн хямралд хөтөлдөг асуудлыг гаргахгүйн үүднээс Монголбанкны ерөнхийлөгчийн ганцаараа нууцлалын зэрэгтэй шийдвэр гаргадаг явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ. Монголбанкинд хуучин байсан Хяналтын зөвлөлөөс гадна Мөнгөний бодлогын зөвлөл ажиллаж, аливаа асуудлаар хамтын шийдвэр гаргаж байхаар төсөлд тусгаж, төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан аж.

Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн хүлээх хариуцлагын талаар тусгаж, арилжааны банкинд зээл олгодог байсныг хаан, зөвхөн Засгийн газар, арилжааны банкинд мөнгө олгодог байхаар тусгажээ. Ингэснээр Монголбанк өөр хэлбэрээр зээл олгохыг хориглосон хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь, Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж, М.Билэгт, Д.Хаянхярваа, Б.Ундармаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51876
0 эможи
keyboard_arrow_up