Дэд хороо төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд Ч.Улаан энэ талаар хийсэн танилцуулгадаа, улсын төсвийн 2013 оны гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газар хуулийн хугацаанд нь гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тайланг Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлгүүдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн тухайгаа дурдав. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Б.Зангад танилцуулсан юм.
Дараа нь дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу 2013 оны улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцээд гаргасан бүх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдэд уншиж танилцуулав.
Сангийн сайдын илтгэл, Үндэсний аудитын газрын дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан дэд хорооны гишүүн Д.Ганхуяг, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулсны дараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж шийдвэрлэлээ.
Дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын төсөвт 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,010,398.6 сая /дөрвөн их наяд арван тэрбум гурван зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,683,038.2 сая /дөрвөн их наяд зургаан зуун наян гурван тэрбум гучин найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр батлахыг дэмжлээ. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Үүгээр Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.