М.Энхболд: Эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5.8 хувьд хүрсэн

2017 оны 12 сарын 28

Arslan.mn

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын чуулган энэ оны отгон хуралдаанаа өнөөдөр хийлээ.

Байгууллага бүр тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо зорилт, хийх ажлыг төлөвлөж байгаа энэ цаг үед 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагааг товч дүгнэх нь зүйтэй юм.

Шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 1 жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 525 хууль баталснаас бие даасан хууль 56-г баталсан байна. Мөн УИХ-ын 162 тогтоол баталжээ.

Өмнөх УИХ-тай харьцуулахад 1 жил 5 сарын хугацаанд баталсан хуулийн тоогоор 93.7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 19-өөр буюу 53.5 хувиар, баталсан тогтоол 20-иор буюу 14.1 хувь өндөр байна. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.

Түүнчлэн өмнөх парламент хуулийн хугацаанд хэлэлцэн батлаагүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нөхөн баталж, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд баталж ирлээ.

УИХ-аас баталсан хууль, бодлогын шийдвэрүүд зохих үр дүнгээ өгч байгаа нэгээхэн жишээ бол эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5.8 хувьд хүрсэн явдал юм.

Эрхэм гишүүд ээ,

Өнгөрч буй онд УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд байгуулагдсан 13 ажлын хэсэгт давхардсан тоогоор 83 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, танилцах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн хяналт шалгалтын мөрөөр УИХ-ын 2 тогтоол, Байнгын хорооны 6 тогтоол гарч, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна.

Ерөнхий сайд, Засгийн газар болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад хандан УИХ-ын 17 гишүүнээс 18 асуулга тавьж, 13 гишүүний 11 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг сонсож, улс орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.

Нэгтгэн дүгнэвэл УИХ Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зохих ёсоор, амжилттай хэрэгжүүлсэн дүнтэйгээр 2018 онтой золгож байна.  
Шинэ онд амжилтаа улам бататгаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцэх, олон түмнээс гарч байгаа бодит шүүмжлэлийг хүлээн авч нэгдсэн болон чуулганы хуралдааны ирцийг сайжруулах асуудалд гишүүд, Байнгын хороодын дарга нар илүү анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
 Ард иргэд ээ.

Маргааш тохиох Монголын ард түмний бахархан дурсвал зохих түүхт үйл явдал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе!
    

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51658
0 эможи
keyboard_arrow_up