Монголбанк: Активын чанарын үнэлгээнд 2017 оны үзүүлэлтээр тохиргоо хийж байна
Төв банкны тухай болон Банкны тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийж байна. Банк санхүүгийн салбартай холбоотой 10 орчим хуулийн төсөл боловсруулсны хоёрыг нь ийнхүү УИХ хэлэлцэж байгаа юм.
Мөн энэ нь дотоодын арилжааны банкнуудын активын чанарын үнэлгээнд 2017 оны үзүүлэлтээр тохиргоо хийж байгаатай давхцаж байгаагаараа онцлог юм. Монголбанкны мэдээлснээр үнэлгээг хийхдээ 2016 оны тайлан балансын үзүүлэлтийг ашигласан байна. Хэдий тийм боловч эдийн засаг уналттай байсан 2016 оны үзүүлэлтийг ашиглах нь банкнуудын байдлыг бүрэн дүүрэн илтгэхгүй гэж Төв банк үзжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
Хуулийн төслийг харвал Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглохоор тусгасан байна. Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдээс гарч, ирэх оноос ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газарт шилжүүлэхээр болоод байгаа юм. Хуулийн төсөлд Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээхээр заасан байна. Үүнд төгрөгийн ханшийн тогтвортой байдал ч хамаарч байгааг Монголбанк тайлбарлалаа.