Ц.Даваасүрэн: Цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна

2017 оны 12 сарын 21

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ,  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Эрчим хүчний өөрийн өртөг болон  борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг  бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 он (2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 1 дүгээр  сарын 1-ний өдөр хүртэл), 2011 он (2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл)-д тус тус баталж хэрэгжүүлсэн. Харин Улсын Их Хурлаар 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, А.Ундраа, Н.Оюундарь, С.Бямбацогт, Г.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж нар Эрчим хүчний сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эрчим хүчний борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 25.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. Мөн 2015 онд 1.5, 2016 онд 1.7, 2017 онд 2.0 тэрбум төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Одоогоор аж ахуйн нэгжүүд 1 кВт цахилгааныг 130, иргэд 102.3 төгрөгөөр авч байна.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр төсөлд тусгаад байгааг хэллээ. Түүнчлэн цаашдаа зөвхөн баруун бүс гэхгүйгээр Өмнөговь, Дорноговийн эрчим хүчний шугам сүлжээнд түшиглэн Монгол Улс эрчим хүчний томоохон импортлогч орон болох ирээдүй бий гэж харж байгаа. Иймээс энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцоо хийж, алс хэтийн бодлого төлөвлөлттэй ажиллах шаардлагатай байгааг дурдав.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51390
0 эможи
keyboard_arrow_up