Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа.
Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авах болон малын бүртгэлийг үндэслэх, малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгох, малчинд мэргэжлийн үнэмлэх олгох зэрэг Монгол Улсын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын дагуу зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Түүнчлэн малчин өрх мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахад хэрэглэх баталгааны тэмдгийн талаарх зохицуулалт, үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тьусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлэх, аймаг, нийслэлийн мал үржлийн албаны удирдлагад болон сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал зүйч ажиллахтай холбоотой саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар хуулийн төслийн нэр томъёо, зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн болон ажлын хэсгээс хариулт авсан.
Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг “Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, Аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана”, мөн зүйлийн 16.6 дахь заалтыг “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технолги, малын генетик, нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана” хэмээн тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.
Мөн “Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгахыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Дараа нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 73.2 хувийн саналаар Малын генетик нөөцийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа.
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БАТАЛЛАА
Дараа нь Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийжээ.
Төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан явуулах, дүнг Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын гаргасан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар зарим зүйлийг тодруулж, хариулт авлаа. Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэнээр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.