“Саруул монгол” олон нийтийн аян боллоо
Жил бүрийн 6 дугаар сарын 26-ний өдрийг дэлхий даяараа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдаалалтын эсрэг өдөр болгон өнгөрүүлдэг билээ.
Үүнтэй холбоотойгоор “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-аас санаачлан “Саруул монгол” олон нийтийн аяныг 2014 оны 6 дугаар сарын 23-29-ний хооронд 7 хоног өрнүүлсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан төдийгүй залууст хандсан мэдээлэл, уриалга зэргийг явуулсан байна.
Энэхүү аяны хаалтын үйл ажиллагаа өчигдөр Чингисийн талбайд боллоо. “Эрүүл амьдарч, саруул сэтгэе” уриатай энэхүү арга хэмжээг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэв.
УИХ-ын дарга хүүхэд, залуучуудад хандан эрүүл амьдарч, саруул сэтгэхийг уриалаад монгол хүн бүрийн анхаарч явах амин чухал зүйл бол эрүүл үр удмаа үлдээх явдал юм. Монголын хүүхэд, залуучууд элдэв хорт зуршлаас ангид байх ёстой. “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Саруул монгол” аянд залуус сайн дураараа нэгдэж буйд баяртай байна. Өнөөдрийн хүүхэд, залуучууд хэрхэн эрүүл амьдарч, саруул сэтгэхээс Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал шалтгаалах болно гэв.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар оролцлоо.
“Саруул монгол” олон нийтийн аяныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар зэрэг 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага дэмжин оролцжээ .