ЗГ-ын хуралдаанаар ААН-д ОАТ-ыг буцаан олгохоор тогтлоо
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёрдахь үе шатны шинэчлэл хийх зорилтын хүрээнд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, согтууруулах ундаа, тамхи, банк санхүү зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор тогтлоо. Аж ахуйн нэгжийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгосноор жижиг, дунд аж ахуйн нэгжид улсаас нэгдсэн аргаар хуримтлал үүсгэж, буцаан олголтын мөнгөөр татвар төлөгчид хөрөнгө оруулалт хийн тоног төхөөрөмж шинээр худалдан авах, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой болно. Аж ахуйн нэгж дараах шаардлагуудыг нэгэн зэрэг хангаж байвал буцаан олголтыг чирэгдэл, хяналт шалгалтгүйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:
1. Хуулиар хориглоогүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байх
2. Тухайн татварын жилд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх байх
3. Тайлангаа хугацаандаа гаргасан байх
4. Татвараа төлсөн байх.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар нийт албан татвар төлөгчийн 45.3 хувь буюу 40232 аж ахуйн нэгж албан татварын буцаан олголтод хамрагдах юм.
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2013 оны байдлаар Монгол Улсын хүн амын 97 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд батлан гаргаснаас хойш 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй, чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох зэрэг даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдол гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна. Хуулийн төслийг боловсруулахдаа хуулийн зорилтыг даатгуулагчийн эрх, даатгуулагчид үзүүлэх үйлчилгээний чанар, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлуудад чиглүүлж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын үндсэн зарчмыг даатгалын үйл ажиллагааны цөм болгон хуульчлахаар тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
Монгол Улсын төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт, тусгай шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьдаг. УИХ чуулганы дэгийн тухай хуулийн 25.9 дүгээр зүйлийн дагуу өргөн барьсан хуулийн төсөл, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж баталдаг. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны зүгээс зардлыг нэмэгдүүлэх саналуудыг гаргадаг бөгөөд энэ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлага ихээр нэмэгдэх, нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувьд барихын тулд төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэн батлах тохиолдол гарч байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, хөрөнгө оруулалт, тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ төсвийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөхгүй бөгөөд ингэснээр төсвийн зарлагын тэлэлттэй уялдуулан төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх явдал үгүй болж, төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасах болно.
Товч мэдээ:
- 2014 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаабаатар хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэд даалгав.
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Франц Вальтер Штайнмайерийн 2014 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
- Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдөд Испанийн Вант Улсад, мөн сарын 3-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсад тус тус хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
- Дорноговь, Хэнтий , Сүхбаатар аймгуудад гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг устгах, халдварыг зогсоох үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ашигласан материалын шууд зардалд шаардагдах нийт 430.903.000 (дөрвөн зуун гучин сая есөн зуун гурван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
- Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган явуулахад дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхэд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт 528.7 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгов.
“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.
“Хүүхэд хамгааллын тухай” хуулийн үзэл баримтлалын төсөл, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтов.
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт проткол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.