Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдан Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Мөн зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2013 оны төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан санал хэлсэн. Тэрбээр, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргахдаа зарим зүйлийг ялгаж салгаж, тодорхой гаргамаар байна гээд ажлын шаардлагаар яам, агентлагийн мэргэжилтнүүд гадаад явсан зардал ганцхан сайдын гадаад явсан зардал юм шиг харагдан олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна хэмээсэн. Тэрбээр өнгөрсөн жил ганц удаа гадаад томилолтоор явсан гэж тодотгож байлаа. Түүнчлэн өнгөрсөн жил Улаанбаатар хотын газрын харилцаа, Өмчийн газар хоёрыг нэгтгэн Өмчийн газарт ажиллаж байсан 56 хүнийг нийлсэн байгууллага уруу шилжүүлснийг төрийн албан хаагчийн тоо 56-аар нэмэгдсэн мэтээр ташаа мэдээлэл гараад байгаа нь зүйд нийцэхгүй байгааг онцолсон юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Энэ өдрийн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Ажлын хэсэг дахин хуралдаж, байр сууриа эцэслэн нэгтгэх шаардлагатай байгаа гэсэн шалтгаанаар хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн.