Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

2014 оны 6 сарын 27

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны  гишүүд хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын  2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх товч танилцуулгыг сонсов.

Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын нийт зардал 2013 онд 463,890.1 сая төгрөг батлагдсанаас 415,823.8 сая төгрөг болж 89.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, нийт зардал 48,066.4 сая төгрөгөөр хэмнэгдсэний 81.0 хувь нь хөрөнгийн зардал, 17.0 хувийг бараа үйлчилгээний зардал, 2.0 хувийг татаас ба урсгал шилжүүлэг эзэлж буйг онцолсон.

Мөн тэрээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын 26.6 хувийг аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг болон амаржих газруудад, 23.5 хувийг сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 19.3 хувийг клиникийн болон төв эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн мэдээлэв.

Дараа нь  УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаар товч танилцуулга хийлээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын нийт зардал өнгөрсөн 2013 онд 121,747.5 сая төгрөг батлагдсанаас 104,128.4 сая төгрөг болж 85.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Энэ нь 2013 оны батлагдсан төсвөөс 17,619.1 сая төгрөгөөр хэмнэгдэж, өмнөх оноос 11,792.7 сая төгрөгөөр буюу 10.2 хувиар буурсан байна.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын төсвийн гүйцэтгэл 2013 оны тодотгосон төсвөөр 1,037.5 тэрбум төгрөг батлагдаж 946.8 тэрбум төгрөг буюу төлөвлөгөөнөөс 91.3 хувийн гүйцэтгэл гарч 90.8 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан талаар Боловсрол,  шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцууллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар  товч танилцуулга хийлээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын төсвийн  гүйцэтгэл 97,3 хувьтай гарсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар буюу 165,522.0 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Хэмнэгдсэн хөрөнгийн тухайд урсгал зардлыг 9,294.2 сая төгрөгөөр , хөрөнгийн зардлыг 781.5 сая төгрөгөөр тус тус хэмнэжээ.

Харин Хөдөлмөрийн сайдын нийт зарлага ба цэвэр зээлийг 235,156.2 сая төгрөгөөр, нийт зарлагыг 156,056.2 сая төгрөгөөр төлөвлөснөөс 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 24,994.4 сая төгрөгийн хэмнэлттэй гарчээ.

Үндэсний Аудитын газраас сайд нарын  төсвийн гүйцэтгэл зөрчилгүй гарсан талаар танилцуулга хийсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авсан.

Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон юм.

Дараа нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын болон найруулгын чанартай саналуудыг тогтоолын төслийн холбогдох бүлэг, зүйл, хэсэгт нэмж тусгасан талаар танилцуулав.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж санал хэлсэн.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, хариуцлагын асуудлыг чангатгах асуудал дутагдаж байна. Эм бол хоол биш хор учир худалдан борлуулахтай холбоотойгоор зөрчил   гаргасан тохиолдолд зөвхөн яамны хүрээнд торгоод  захиргааны хариуцлага ногдуулаад өнгөрөх  бус эрүүгийн хариуцлага үүрүүлэх хэмжээнд байх ёстой гэдгийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5077
0 эможи
keyboard_arrow_up