Хаврын чуулган долоон сарын нэгэнд завсарлана
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.
УИХ-ын хаврын чуулган ирэх долоодугаар сарын 1-нд завсарлахтай холбоотойгоор уг төслийг баталж буй аж. Төрийн байгуулалтын байнгын хороо нь намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг боловсруулахдаа хууль санаачлагчдаас урьдчилан саналыг авсан байна. Нийт 316 хууль, тогтоолын төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн аж.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 25, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10, Төрийн байгуулалтын байнгын хороо дөрөв, Төсвийн байнгын хороо гурав, Эдийн засгийн байнгын хороо таван санал иржээ. Мөн Хууль зүйн байнгын хороо 19, Өргөдлийн байнгын хороо ес, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 28, УИХ дахь МАН-ын бүлгээс 37, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 42, Засгийн газраас 111 төсөл санал болгожээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар зургаан санал тусгайлан ирүүлсэн байна.