УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, "Шинэ үеийн залуус өнөөдөр дэлхий рүү чиглэсэн юм ярьж байна. Гэтэл УИХ-аар давхар дээлний асуудал яриад сууж байгааг хувьдаа дэмжихгүй. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө татаж авах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Энэхүү хуулийн төсөл Үндсэн хууль болон нийт 39 хуультай зөрчилдөж байгаа. Хэрэв хууль батлагдвал наад хуувь чинь цэц дээр очно шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Үндсэн хуулийн өөрчлөлт орж ирээгүй цагт хуулийн төслийг ярих боломжгүй" гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуультайгаа энэхүү хуулийн төсөл хэр нийцсэн юм бол. Аймаг орон нутагт улстөржилт маш их ихэссэн. Тухайн орон нутагт ажиллаж байгаа албан тушаалтнуудад буруу байхгүй. УИХ-аас улстөржих нөхцлийг бүрдүүлсэн хуулиудыг батлаад байгаатай холбоотой. Тиймээс улстөрждөг байдлыг бид арилгах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Монгол төрийн олсон ололтуудаа нураагаад байж болохгүй. Суманд чадвартай ажилтан байхгүй гэж байгаа бол ажилтнаа чадавхжуулах хэрэгтэй. Суманд хүн амьдрахгүй байгаа бол бүсийн нэмэгдэл олгох нь зүйтэй. Үндсэн зарчмаасаа ухарч, хэсэг бүлэг хүнд зориулсан хууль гаргаад байж болохгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын доор ажилладаг байгууллага биш" гэсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус хуулийн төслөөр завсарлага авч байгаагаа мэдэгдэв.
Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.