О.Баасанхүү: Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй байхад УИХ-ын гишүүд нь 40 минут хоцорч байна

2017 оны 11 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.40 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль,  болон Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын дарга танилцуулсан. Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтад хэд хэдэн санал оруулахыг УИХ-ын гишүүд хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хууль батлаад байдаг баталсан хууль амьдралд хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудаас өгч байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай байна. Аудитын байгууллага эсвэл УИХ-аас ажлын хэсэг байгуулах гэх мэт баталсан хууль амьдралд хэрэгжихгүй байгаа тохиолдол хэр байгаа, цаашид баталсан хууль амьдралд хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг оруулах санал гаргаж байна” гэлээ. Түүний саналыг УИХ-ын дарга хүлээн авч, судалгаа, мэдээлэл цуглуулах үүргийг УИХ-ын Тамгын газрын даргад өгсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ долоо хоногт нээлттэй сонсгол хийх ажлын хэсгийн хуралдаан хийхээр цаг товлосон ч гишүүдийн ирц хүрэхгүй байна гэсэн буруу мэдээлэл олон нийтийн дунд яваагүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг хуралдах асуудлыг шийдвэрлээгүй, энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг ярилцсан. УИХ-ын чуулган дээр ТЕГ-ын даргад гүтгүүлсэн хүн нь би. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хуулийн байгууллагаар шалгах ёстой. Гэтэл энэ өдрүүдэд АТГ-аас Хойд Солонгосоос мэдэгдэл ирсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ цаг үед ийм асуудлыг ярьж байгаа нь буруу байна. Үүний цаана УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулах, бүгдийг барьж байгаа гэх ойлголтыг өгч байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай байна” гэлээ. УИХ-ын даргын зөвлөлөөс нээлттэй сонсголын ажлын хэсгийг энэ долоо хоногт хуралдуулах үүргийг өгсөн. Ажлын хэсгийн ахлагч хуралдаанаа яаралтай хийх ёстой гэсэн саналыг УИХ-ын дарга өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан эхлэх цагаас 40 минут хоцорч ирлээ. УИХ-д ямар бодлогогүй, хариуцлагагүй хүмүүс сууж байна вэ. Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй байхад УИХ-ын гишүүд нь 40 минут хоцорч байхад чуулганы хуралдаандаа орж ирэхгүй байна. Ийм байдлаар явж болохгүй. Түүнээс гадна нээлттэй сонсголын ажлын хэсэг хоёр удаа хуралдахаар зарлагдсан ч хойшилсон. Ажлын хэсгийн хуралдааныг хуралдуулах чиглэл өгөх ёстой. Түүнээс гадна утааны асуудлыг УИХ ярьж, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ асуудлыг ярих, УИХ-аар хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Түүний ирцтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг газар гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа” гэсэн тайлбар өглөө.  Мөн УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай” гэсэн тайлбар өгсөн юм.

Үүний дараа санал хурааж, УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
6
50471
10 эможи
keyboard_arrow_up