Ц.Даваасүрэн: Гурван дэд хороонд орохын тулд гишүүд хоорондоо өрсөлддөг болсон байна

2017 оны 11 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулган өнөөдрийн /2017.11.23/ хуваарьт багтсан асуудлаа маш шуурхай хэлэлцэв. Хуралдааны үеэр асуулт асуух ч гишүүн байсангүй. Харин ганц нэг гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэллээ. Ингээд нэг цагийн дотор таван хуулийн төсөл хэлэлцсэнээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлүүлэв. 

Хуралдааны явцад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн юм. Энэ үеэр дараах гишүүд санал хэллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР: 

-Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжиж байна. Энэ жилийн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв ажиглагдаж байгаа. Малчид өвс тэжээлийг махаар сольж болохгүй юу гэж асууж байна. Засгийн газар үүнийг шийдэж болох уу? Хоёрдугаарт, улсын нөөцөд байгаа малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг судалж болох уу? Өвөл хүндрэхээр 1, 2 дугаар сард 50 хувь хөнгөллөө гэдэг. Тэр үед мал муудчихсан байдаг. Тиймээс сумдын нөөцийн асуудалд одоо анхаарал хандуулсан нь зөв байх. 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ:

-Энэ жил улсын хэмжээнд гантай, гандуу байсан учраас ургац алдсан. Малын тэжээл хангалттай бэлтгэж чадаагүй. 50 мянга гаруй тонн малын тэжээл бэлтгэх шаардлага байгаа. Санхүүгийн асуудлаа төсвийн тодотголоор шийдсэн. Бид 16 мянга орчим тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Оруулж ирсэн тэжээлээ хямд үнээр олгох ажлыг зохион байгуулна. Ялангуяа мал, махаар солих ажлыг малчидтай ярилцана. 


Хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан дараагийн асуудал бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс санал хурааж, төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив. 

Дараа нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг гишүүд хэлэлцэж, баталлаа. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн тав байсныг долоо болгож, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулж байгаа юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дараах саналыг хэлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд олон жил гишүүн байсан тулхтай гишүүн хэрэгтэй. Хараад байхад том түрийвчтэй нь эдгээр хороодод орж байна. Чухал дэд хорооныхоо асуудлыг зохицуулмаар юм. Бид УИХ-ын гишүүнтэй холбоотой чухал асуудлыг шийддэг. Одоо нэг гишүүн шүүх дээр асуудалтай байгаа. Шийдэж чадахгүй бол Монголын төр яаж цэвэр тунгалаг байх билээ. Энэ гурван дэд хороонд орохын тулд гишүүд хоорондоо өрсөлддөг болсон байна. Яах гэж улайран зүтгээд байгаа юм бэ? Монголын төрд итгэх итгэлийг бий болгохын төлөө л энэ гурван дэд хороо ажиллах ёстой. 2020 он болохоор шударга хүмүүс болчихно. Л.Болдын асуудлыг болохгүй. Цаашид дэд хорооны гишүүнийг өөрчлөхөөр бол ёс зүйгээр өөрийгөө баталгаажуулсан хүнээ тавих хэрэгтэй. 


Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50124
0 эможи
keyboard_arrow_up