Эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, эмийн зохистой хэрэглээнд анхаарна

2014 оны 6 сарын 26

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, энэхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж ахалж ажиллахаар болов.

 

Үүний дараа “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг болох юм.

Шинээр боловсруулсан бодлого нь ДЭМБ-аас зөвлөмж болгож буй эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, эмийн зохистой хэрэглээ, эмийн хүртээмж, хангамж, эм худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалт, засаглал, хүний нөөц, судалгаа, хөгжлийн хандлага, хяналт үнэлгээ гэсэн найман бүрэлдэхүүн хэсэгтэй ажээ.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, А.Тлейхан нарын тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл болон ажлын хэсгээс хариулт өглөө.

 

Гишүүдийн зүгээс эмийн үнийн зохицуулалт, төрийн өмчит эмнэлгүүдийн эм худалдан авах ажиллагаа, эмийн хяналтын тогтолцооны талаар болон бодлогын баримт бичигт төрийн оролцоог хэрхэн тусгасан талаар тодруулсан. Түүнчлэн эмийн бодлогод төр ямар түвшинд оролцох оролцооны зааг ялгааг тодорхой болгож өгөх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн вакцинжуулалтын талаар ч тусгах нь зүйтэй гэдгийг хэлсэн юм. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулахаар болов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4971
0 эможи
keyboard_arrow_up