Парламент хурдтай байна, харин ЗАСГИЙН ГАЗАРТ ташуур хэрэгтэй болох нь ээ

2017 оны 11 сарын 13

Arslan.mn

 Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Улсын Их Хурал ажлаа эхлээд нэг жил өнгөрч байна. Урт хугацаа мэт харагдах ч Улсын Их Хурлын хувьд намар, хаврын хоёр удаагийн ээлжит чуулганаа өндөрлүүлж, гурав дахь чуулганаа эхлээд удаагүй байна.
         Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал хууль тогтоох үүргээ хангалттай гүйцэтгэснийг тоон үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, шинээр бүрдсэн М.Энхболд даргатай Улсын Их Хурал анхны намрын ээлжит чуулганаараа (2016.10.03-2017.02.10) нийтдээ 274 хууль тогтоомж буюу үүнээс бие даасан 22 хууль баталж, 175 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 59 тогтоол баталжээ. Тэгвэл 2016 оны сонгуулиар бүрдсэн З.Энхболд даргатай Улсын Их Хурал намрын чуулганаараа бие даасан 16, нэмэлт, өөрчлөлт оруулсан 67, хүчингүй болсонд тооцох тухай 16, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай 3 хууль, Улсын Их Хурлын 61 тогтоол буюу нийтдээ 163 хууль тогтоомж баталж байжээ.
          Энэ удаагийн Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаараа (2017.04.05-2017.07.06) бие даасан 19, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 116, хууль хүчингүй болсонд тооцох тухай 10, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай 8 хууль, Улсын Их Хурлын 30 тогтоол, нийтдээ 183 хууль тогтоомж баталсан байна.
          Гэтэл өмнөх Улсын Их Хурал хаврын (2013 оны) чуулганаараа нийт 93 хууль тогтоомж, үүнээс бие даасан 13, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 45, хүчингүй болсонд тооцох тухай 5, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай 4 хууль, Улсын Их Хурлын 26 тогтоол баталж байжээ. Дээрх хоёр удаагийн ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн тоон үзүүлэлтийг харьцуулахад энэ удаагийн Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжийн тоо өмнөх парламентынхаас 90-111-ээр илүү буюу 68-97 хувь давуу байна.
        Мөн өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг гурван удаа зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Түүнчлэн өнгөрсөн хоёр удаагийн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан 59 удаа буюу ажлын 140 өдөр хуралдсан бол Байнгын болон дэд хороод 239 удаа хуралджээ.
         Парламентаас хурд нэхвэл хууль тогтоомж дутуу дулимаг, түүхий болоход хүргэх талтай. Харин энэ удаагийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явц байдлыг харахад асуулт асууж, үг хэлэх гэсэн гишүүдийн бүгдийнх нь үгийг сонсож, цагаар хавчихгүй, тоо хязгаар тавихгүй байгаа нь олон нийт зөв мэдээлэл олж авах, асуудлыг эргэцүүлж дүгнэж цэгнэх, парламентын гишүүдээ таньж мэдэхэд ач тустай юм. Энэ байдалд хуралдааныг даргалж байгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболдын аядуу зөөлөн, хүлээцтэй, аливаад эв эеийг хичээдэг зан чанар, төрийн хүний тулх нөлөөлж байгаа нь тод харагддаг.  
         Энэ удаагийн Улсын Их Хурлын бас нэг онцлог нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ Анхдугаар чуулганаар гишүүний тангаргаа өргөсөн. Мөн шинэ Засгийн газрыг хамгийн богино хугацаанд бүрдүүлж ажилд нь оруулсан парламент болж байгаа юм.
          Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засаг нь доройтсон, өрийн дарамтад орсон, гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан, нийгэмд тулгамдсан асуудлууд ихээхэн хуримтлагдаж, дефолт зарлахад ойрхон байсан Монголын эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг хүлээсэн. Богино хугацаанд ажилласан ч гэсэн тэдний хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улсын эдийн засагт сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын тоо хэмжээ болон үнийн дүн өсчээ. Тухайлбал, 2017 оны эхний есөн сарын байдлаар экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын орлого 3.4 дахин, төмрийнх 40 хувиар нэмэгдсэн байна. 2016 оны эхний зургаан сард нүүрсний борлуулалт ердөө 293 сая ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын дүнгээр нэг тэрбум 730 сая ам.долларт хүрсэн нь даруй 6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
         Уул уурхайн экспортын голлох зургаан бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2016 оны эхний улиралд нийт дүнгээрээ 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн, татварын орлого тогтмол давж биелсэн, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, тулгамдаж байсан гадаад өрийн дарамтыг арилгасан гээд нааштай үр дүн гарч, эдийн засгийг сэргээх үндэс суурийг бүрдүүлж чаджээ. Мөн Олон улсын валютын сан Монголын Засгийн газартай хамтран ажиллах хатуу боловч тустай хөтөлбөр хэрэгжүүлснээр ам.долларын ханш тогтворжсоны зэрэгцээ Монгол Улсад 5.5 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн эдийн засгийн хөшүүрэг оруулах үүд хаалгыг нээгээд байгаа билээ.
         Энэ бүхэн нь шинээр бүрдсэн Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн юм.
         Хэдийгээр эдийн засагт ийм нааштай үр дүн гарч байгаа ч парламент, Засгийн газрын үйл ажиллагаа шулуун дардан замаар саадгүй урагшилж бас л чадахгүй байна. Парламентын олонхийг бүрдүүлж, дангаараа засаг барьж буй МАН-ын парламент дахь бүлэг хуваагдаж, сөрөг хүчинтэйгээ хүч хавсран Засгийн газраа огцруулсан нь олон нийтэд төдийлэн таалагдсангүй. Харин ч эрх баригч намын нэр хүндэд халтай явдал болчих шиг боллоо.
         Шинэ Засгийн газраа хуулийн хугацаанд бүрдүүлсэн ч дотоодын үл ойлголцол, сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хориг гээд бас бус шалтаг, шалтгаанаас улбаалан гацаа үүсч, багагүй цаг хугацаа алдлаа. Цаашид дотоод зөрчил, үл ойлголцлоо нэг тийш болгож, эв эеэ хичээхгүй бол болохгүй, парламентад 65-уулаа байж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ганц дарга, арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан сөрөг хүчиндээ дээрэлхүүлээд баймааргүйг эрхбиш эргэцүүлэх цаг болсон биз ээ.
         Улсын Их Хурал Засгийн газраа сайн дэмжиж байгаа. Засгийн газраас өргөн барьсан хууль, цаг үеийн шийдвэрийг аль болох саадгүй баталж өгөхийг хичээж буй нь анзаарагддаг. 2017 оны төсвийн тодотголыг саяхан баталж өгсөн бол ирэх оны төсвийг энэ долоо хоногт батлах гэж байна.
         Одоо шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын гишүүд ажлаа шуурхайлж, хурдтай, санаачилгатай, олон нийтэд хүрсэн өгөөж бүтээмжтэй ажиллах л үлдлээ. Тэгж байж Улсын Их Хурал, Засгийн газрын алхаа гишгээ жигдэрнэ. Улмаар зорилго тэмүүллээр нэгдсэн үйл ажиллагааных нь үр өгөөж олон түмэнд харагдана, амьдралд нь тус нэмэр болно.
    Яг одоогийн байдлаар бол парламентынхаа хурдыг Засгийн газар нь гүйцэхгүй байна. Тиймээс тэд өөрсдийгөө гуядах хэрэгтэй болж.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49500
0 эможи
keyboard_arrow_up