ЭМД-ын сан 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс ЭМЯ -нд харьяалагдахаар боллоо

2017 оны 11 сарын 09

 

Arslan.mnЧуулганы нэгдсэн хуралдаанаас ...

Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг төслийг боловсруулахдаа Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгаж, Эрүүл мэндийн яаманд хариуцуулахаар зааж өгсөн нь маргаан дэгдээв.  

УИХ-ын дэд дарга  Л.Энх-амгалан:

Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгахын эсрэг нэг ч гишүүн байхгүй. Зөв болгохыг хүсэж байгаа.

Худалдан авагч, нийлүүлэгч хоёр хэзээ ч нэг халаасанд орж болохгүй. Ч.Хүрэлбаатар аа, хуулиа унш. Эрүүл мэндийн даатгалын хууль нь даатгуулагч аа эрүүл мэнд, санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой. Гэтэл даатгуулагч аль ч эрсдэлээс хамгаалагдаж чадахгүй байна.

Хорт хавдраа эмчлүүлэхийн тулд байр, хашаа байшингаа зараад эрүүл мэндийн эрсдэлд орж байгаа. Даатгал хөгжсөн оронд иргэн 100 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боллоо гэхэд 20 мянга нь халааснаас, 80 мянга нь даатгалаас гардаг. Гэтэл Монголд эрүүл мэндийн даатгал төлсөн байтал 80 мянган төгрөг халааснаасаа гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бодлогыг зангиддаг. Ийм газарт даатгалын санг хариуцуулж болохгүй. Тусад нь гаргаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хариуцуулах нь зөв. Олон улсын жишгийн дагуу явуулъя гэхээр Сангийн сайд дайраад байх юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Үл ойлголцлын маргаан яваад байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эрүүл мэндийн даатгалын орлого өссөн. Даатгалын мөнгийг 9 хувийн хүүтэйгээр банкинд байршуулдаг байсныг 15 хувь болгож өсгөснөөр орлого 40 орчим тэрбумаар нэмэгдсэн.

Өнөөдөр байгаа тогтолцоо нь 100 хувь зөв үү гэвэл үгүй. Гэтэл энэ Засгийн газар тогтолцоог бүр гажуудуулаад Эрүүл мэндийн яаманд хариуцуулах нь. Нэг хүний гарт худалдан авах болон худалдах үйлчилгээг төвлөрүүлэх нь буруу.

Эрүүл мэндийн даатгалын санг улс төрөөс ангид байлгах ёстой.

Эрүүл мэндийн яаманд шууд хариуцуулж болохгүй. Маш олон асуудал үүсэж, олон хүн аавын хаалга татах юм руу орно. Танай Засгийн газар огцрох нэг үндэслэл болно шүү. Танай Засгийн газрыг хамгаалж бид үг хэлээд байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Эрүүл мэндийн даатгалыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд байлаа гээд сайжраагүй. Эрүүл мэндийн үзлэг ямар байгааг бүгдээрээ мэднэ.

Шийдэл хэлэхгүй байна. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын хөгжлийг бодлогыг тодорхойлдог.  Энэ дээрээ бие даалгаад явуулъя л гэсэн.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Эрүүл мэндийн салбарын нөхцөл ямар байгааг бүгдээрээ мэднэ. Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд ойртуулах нь үйлчлүүлэгчид үйлчилгээг ойртуулах л асуудал.

Өнгөрсөн хугацаанд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулсан,  олигтой үр дүн гараагүй. Төлбөр ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирж байгаа. Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн даатгалын санг авчирсан нөхцөлд даатгалыг даатгуулагчид нь хүргэх бололцоо бүрдэнэ. Энэ өөрчлөлтийг даатгуулагчдад эмнэлгийн үйлчилгээг чанартай шуурхай хүргэхийн тулд хийж байгаа юм гэлээ.

Улмаар Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд хариуцуулах тухай саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд эрүүл мэндийн даатгалын санг хариуцуулж ирсэн өмнөх тогтолцоо халагдаж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс Эрүүл мэндийн яаманд харьяалагдах болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49407
9 эможи
keyboard_arrow_up