Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн Байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2017 оны 11 сарын 07

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалав.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тус салбарын 2018 оны төсвийн төслийг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2018 оны төсвийн төслийн нийт зарлага 209,6 тэрбум төгрөгөөс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх 115,5 тэрбум төгрөгийн зээлийг хасаж тооцон 94,1 тэрбум төгрөгөөр хянагдсан байна.

-Урсгал зардал 108,5 тэрбум төгрөг;

-Дотоод эх үүсвэрээс олгох зээл 35,8 тэрбум төгрөг;

-Хөрөнгийн зардал 49,4 тэрбум төгрөг;

-Гадаадын зээл, тусламжаас санхүүжих зардал 15,9 тэрбум төгрөгөөр тус тус хянагдсан гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төсвийн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох хүртэл Байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 75,0 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Мурат, Г.Мөнхцэцэгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалаа. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болов.

 

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Газрын тухай хуулийн төсөлд  33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулж олгоно” гэсэн хэсэг, 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим, эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэсэн заалт, 38.6.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд орлого олсон гэж үзэж, энэ орлогыг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.” гэсэн хэсэг, 40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдүүлэн тайлагнасан.”гэсэн заалт, 44.10.газар ашиглах эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдүүлэн тайлагнасан бол газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэсэн агуулгатай хэсэг, заалтуудыг тус тус нэмэхээр тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат асуулт асууж, хариулт авсны дараа Газрын тухай хуульд нэмэлт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49250
0 эможи
keyboard_arrow_up