Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2014 оны 6 сарын 25

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлж байгааг хэллээ. Хууль зүйн байнгын хорооны өмнөх хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус албан тушаалд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэх горимын санал гаргасан юм. О.Баасанхүү гишүүний саналыг дэмжин, Байнгын хорооны даргад нэр дэвшин өрсөлдөхөд бэлэн байгаагаа өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийллээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч байгааг тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдсэнээр Байнгын хорооны даргыг сонгох асуудал дахин хойшиллоо.

Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхасуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

2012 онд хувийн хэвшлийнхний дунд хийсэн санал асуулгаар хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоног зарцуулж буйг хялбаршуулж, бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг шуурхай болгох хэрэгтэй болжээ.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44.464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93.733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага урган гарч байгаа юм байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.

Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгох зорилгоор соёл, боловсрол, сургалтын болон эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр заасан зохицуулалтыг өөрчлөн хуулийн этгээдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэхээр тусгасан байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль зүйн сайдын танилцуулснаар хуулийн төслийг боловсруулахдаа гэрээний талуудын чөлөөт байдлыг хүндэтгэх, барьцааны эрх үүсэх, бүртгүүлэх, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нийтэд ил тод, тодорхой байдлыг хангах зарчимд үндэслэсэн бөгөөд уг харилцаанд иргэн, хуулийн этгээд оролцож болохоор заажээ.

Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт ажээ.

Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор заасан хэдий ч ийнхүү бүртгүүлэх болон бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт төдийлөн хэрэгжихгүйбайгаа юм байна. Иргэний хуулийн 156.4 дэх хэсгийг үндэслэн Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нийтдээ 37 удаа хийсэн байна.

Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч иржээ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байгаа аж.

Иймд, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл, санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх нэг чухал хөшүүрэг болсон хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тухай бие даасан хуулийг боловсруулах асуудал чухлаар тавигджээ.

Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулсаар ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асуун, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4925
0 эможи
keyboard_arrow_up