ФОТО: Төсвийн алдагдал түүхэнд байгаагүй түвшинд хүрсэн гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулав. Тус бүлгийн дүгнэлтэд энэ оны төсвийн алдагдал Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 2 их наяд 711 тэрбум төгрөгт хүрсэн болохыг дурджээ.
Мөн Засгийн газрын нийт өр өнгөрсөн оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол энэ оны 3 дугаар улиралд 21 их наяд 878 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрснээр нэг жилийн хугацаанд 5 их наяд 266 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь Ардчилсан нам эрх барих 4 жилийн хугацаанд босгосон Чингис, Самурай бондын мөнгөн дүнг хоёр дахин нугалах хэмжээний өр юм. Засгийн газрын гадаад өр 3 их наяд 728 тэрбумаар, дотоод өр нь 1 их наяд 537 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Инфляц нэг жилийн хугацаанд 5 хувиар нэмэгдэж цаашид үргэлжлэн өсөх хандлагатай. Гадаад валюттай харьцах монгол төгрөгийн ханш суларсаар байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллагуудаас манай улсын зээлжих зэрэглэлийг жилийн хугацаанд хоёр удаа бууруулсан. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, ядуурал газар авсаар байна. Товчдоо бол уул уурхайн таатай мөчлөг бүрдсэн энэ цаг үеийг Засгийн газар бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна хэмээн үзжээ.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлагдсан ч улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд наалдах бодитой үр дүн бага байна. Аливаа хөтөлбөрийн биелэлтийг хэдэн иргэн орлоготой болов, шинээр хэдэн ажлын байр бий болгов, ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн ямар бодлогоор дэмжиж ямар үр дүнд хүрснийг бодитой тоон үзүүлэлтээр хэмжих учиртай гэж тус бүлэг үзэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Сайд нарын ирц дутуу байна. Иймд энэ асуудлыг бүх сайд нарыг УИХ-ын танхимд дуудаж ирүүлсний дараа хэлэлцүүлгийг хиймээр байна” гэсэн горимын саналтай байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж өрийг өрөөр дардаг байж болохгүй. Дэлхийн зарим оронд өрийг өрөөр дарахыг болиулсан хууль хүртэл баталж байна. Энэ тал дээр манай улс цаашид анхаарах хэрэгтэй гэлээ.