Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг нарыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ

2017 оны 11 сарын 03

Arslan.mn

Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан.

Иймээс Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Байнгын хороод өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжин, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хууль зүйн байнгын хороо:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16 цаг 25 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гишүүн "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.4-т "Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно." хэмээн заасан байдаг тул Ш.Раднаасэд гишүүнийг нэр дэвшүүлье" гэсэн санал гаргасан юм.

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв.

Тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг нэр дэвшүүлж буйг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр нэр дэвшигч Д.Лүндээжанцан нь 1990 оноос Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад гишүүнээр сонгогдож хууль тогтоох байгууллагыг төлөвшүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн туршлагатай парламентч төдийгүй хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч хүн гэдгийг онцлов. Мөн нэр дэвшигч Д.Лүндээжанцан нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг анхнаас нь гардан хариуцаж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, төслийн талаар орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж иргэд олон нийтийн саналыг авах ажлыг хийж байгааг онцлон дурдлаа.     

Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй бүх намууд, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт гээд нийгмийн бүх талуудын зөвшилцлийн хүрээнд явуулж шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг захилаа.

Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус Байнгын хороо 16 цаг 58 минутад 52.6 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэгийг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

Хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү нар үг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тус Байнгын хороо 16 цаг 41 минутад 57.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн болохыг бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм.

Өргөдлийн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 16 цаг 57 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Байнгын хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүдийн дотроос олонхийн саналаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан болохыг дурдаад тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг нэр дэвшүүлж байгааг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Эдийн засгийн байнгын хороо:

Эдийн засгийн байнгын хорооны 17 хуралдаан 16 цаг минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар тус Байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирыг сонгуулахаар нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирыг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.  

Төсвийн байнгын хороо:

Төсвийн байнгын хороо 17 цаг 25 минутад 57.9 хувийн ирцтэй хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнг нэр дэвшүүлж буйгаа  танилцуулав.

 

Хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд санал хураалтад оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Байнгын хорооны дарга нарыг сонгож, чөлөөлөх асуудлыг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэррлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49100
0 эможи
keyboard_arrow_up