Энэ жил Монголчууд таван хоног наадна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргын албан ёсны айлчлалын арга хэмжээнд оролцож байгаа тул тус Байнгын хорооны өчигдөр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж даргалан хуралдуулав.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад олонхын дэмжлэг аваагүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар саны 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баярын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангаж байгаатай танилцсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсохоор төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулахаар болов.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтоор ахлуулан байгуулахаар тогтлоо. Мөн Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Бурмаа, Р.Гончигдорж, Г.Уянга нарыг оруулахаар боллоо.